
Монгол Улсад улаанбурханы дэгдэлт нэг жил гаруй хугацаанд үргэлжилж, 15 мянга гаруй хүн өвчилж, 20 хүн амиа алдсан гэх тоо бол зүгээр нэг статистик биш. Энэ бол эрүүл мэндийн тогтолцоо, дархлаажуулалтын хамрагдалт, иргэдийн хандлага, хариуцлага ямар түвшинд байгааг харуулсан дохио юм.
“Улаанбурханы халдвартай тохиолдол тэд боллоо” гэсэн мэргэжлийнхний улигт үг эцэстээ иргэдийн хяналт, анхаарлыг сулруулж, вакцин эсэргүүцэгчдийн нөлөөлөл нэмэгдсээр байна.
Улаанбурхан бол анагаах ухаанд хэдийнэ хяналтдаа оруулж чадсан өвчний нэг. Үүнээс сэргийлэх вакцин дэлхий даяар олон арван жилийн турш хэрэглэгдэж, сая сая хүний амийг аварсаар ирсэн. Гэтэл өнөөдөр Монгол Улсад хүүхдүүд энэ өвчнөөр өвдөж, зарим нь амь насаа алдаж байгаа нь вакцин байхгүйдээ биш, вакциндаа хамрагдаагүйдээ юм.
Халдвар авсан нэг хүн 12-18 хүнд өвчин тараах чадвартай энэ вирус нийтийн дархлаа сулрахыг л хүлээдэг. Дархлаажуулалтын хамрагдалт буурах тусам вирусний боломж нэмэгдэж, эрсдэл хүүхдүүдэд хамгийн түрүүнд ирдэг.
Өнөөдөр өвчилж буй хүүхдийн ард товлолт дархлаажуулалтаас хоцорсон байдал, мэдээллийн дутмаг байдал, зарим тохиолдолд вакцины талаарх ташаа ойлголт нуугдаж байна.
Хамгийн харамсалтай нь улаанбурханыг олон хүн “тууралт гараад эдгэдэг хүүхдийн өвчин” гэж эндүүрсээр байна. Гэтэл бодит байдал дээр энэ өвчин уушгины хатгалгаа, тархины үрэвсэл үүсгэж, насан туршийн хөгжлийн бэрхшээлтэй болгох эсвэл амь насыг нь авч одох эрсдэлтэй.
Нас баралтын 20 тохиолдол бүрийн цаана гэр бүл, эцэг эх, ирээдүйгээ алдсан эмгэнэл бий. Асуудлын гол нь өвчин биш. Бид урьдчилан сэргийлж болох эрсдэлийг үл тоомсорлож байгаа явдал юм.
Өнөөдөр хүүхдийнхээ вакцины товлолыг шалгаагүй эцэг эх хэд байна вэ? Нөхөн дархлаажуулалтын талаар мэдэхгүй иргэд хэд байна вэ? Эрүүл мэндийн байгууллагууд эрсдэлтэй бүлгүүдэд мэдээллээ хангалттай хүргэж чадаж байна уу? Эдгээр асуултад бодитой хариулт өгөхгүйгээр зөвхөн өвчлөлийн тоо мэдээлээд өнгөрөх нь хангалтгүй юм.
Улаанбурхан бол эрүүл мэндийн салбарын асуудал төдийгүй нийгмийн хариуцлагын асуудал юм. Нэг хүүхдийн вакцинд хамрагдаагүй байдал зөвхөн тухайн гэр бүлийн эрсдэл биш, дархлаа султай иргэд, нярай хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүдэд ч аюул учруулдаг.
Дэгдэлт 466 хоног үргэлжилж, 20 хүний амь эрсэдсэн энэ үед бидний өмнө нэг л сонголт байна. Өвчний араас тоо бүртгэж суух уу, эсвэл урьдчилан сэргийлэх арга хэмжээгээ эрчимжүүлж, вакцины хамрагдалтаа бүрэн хангах уу.
Учир нь улаанбурханы эсрэг хамгийн хүчтэй зэвсэг нь эмчилгээ биш, дархлаажуулалт юм гэдгийг мэргэжлийн эмч, судлаачиид хэлсээр байна.
Мэргэжлийн хүний тайлбарыг эндээс үзээрэй.
Б.Уранзаяа








