
Ерөнхий сайд томилогдох үедээ Шинэ Засгийн газарт парламентад суудалтай намуудтай хамтарч бүрдүүлнэ гэдгээ хэлсэн.
Гуйсан ч дахин Засгийн газарт хамтрахгүй гэдгээ АН-ынхан илэрхийлсэн.
Өнгөрөгч баасан гарагт томилогдсон Ерөнхий сайд энэ 7 хоногт 2025 оны нэгдсэн төсөвтөө тодотгол оруулж, хуулийн төслөө өргөн барих учиртай байсан ч бүтэц, бүрэлдэхүүнээ УИХ-д өргөн барих нь бүү хэл улс төрийн намууд, нам дотроо хэрхэн засгаа бүрдүүлэхээ ч тохирч чадахгүй явж байна.
Хэдийгээр саарал ордонд өнөө үдээс хойш Шинэ Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний төслийг УИХ-д өргөн барих тухай яригдаж байгаа ч бас л баталгаатай биш.
Өнгөрөгч амралтын өдрүүдэд улс төрийн хүрээнийхэн түчигнэж өнжсөн болтой. Ингэхдээ хотод биш хөдөө нисдэг тэрэг хөлөглөн очиж Засгийн газраа ямар бүрэлдэхүүнтэй байлгах тохироо хийгдсэн болтой. Гэсэн ч одоог хүртэл өргөн бариагүй байгаа нь тохиролцож чадаагүй гэдгийг илтгэнэ.
Л.Оюун-Эрдэнийн Засгийн газраас “гулсуураар” орж ирэх сайд нарыг зөвшөөрөхгүй тухай УИХ-ын зарим гишүүд мэдэгдсэн.
Эх сурвалжуудын мэдээллээр, ХҮН намын дарга Т.Доржханд барьцаа ахиулж 5 сайдын суудал, Үндэсний эвслийн дарга Н.Номтойбаяр өөрөө Шадар сайд болохоос гадна 2 сайдын суудал, ИЗНН -ын дарга Б.Батбаатар 2 сайдын суудал “шантаажлаад” буй сурагтай ч Ерөнхий сайдтайгаа тохиролцож чадахгүй байгаа аж.
Харин хуучин засгийн С.Бямбацогт, Б.Дэлгэрсайхан, Л.Энх-Амгалан, Б.Чойжилсүрэн зэрэг нөхөд гулсуураар орж ирэн Засгийн газарт багтаж үлдэх хүсэлтэй байгаа аж.
Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар огцрох сургаар төрийн яам, агентлагуудын ажил бараг л зогссон. Харин шинэ Ерөнхий сайд томилогдоод 4 хонож байхад Засгийн газрын сайд, бүтэц, бүрэлдэхүүний сураг ч алга. Үүний цаана төрийн ажил нам гацсан хэвээр…