Монгол үндэсний бөхийн алдарт дархан аварга, үндэсний спортын ууган гавьяат мастер Бадамдоригийн Түвдэндоржийн 1958 онд анхлан хичээллүүлж эхэлсэн үндэсний бөхийн хүүхдийн дугуйлан Монгол бөхийн өргөө болон Биеийн тамир спортын улсын хорооны спорт заалуудад дахин хичээллэх нөхцөл боломж бүрджээ.
Монгол улсын Засгийн газрын тохируулагч агентлаг, Биеийн тамир, спортын улсын хорооны дарга О.Баттулга, Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүн Ц.Магалжав, Монголын хүүхдийн ордны захирал Б.Цэнгэлмаа нар хүүхэд багачуудын авьяас чадварыг нээх, үндэсний бөхийн хөгжилд хувь нэмэр оруулах, үндэсний бөхийг бэлтгэх сургалтыг тасралтгүй явуулах, бөхийн залгамж холбоог үргэлжлүүлэх, спортоор дамжуулан нийгэмд нөлөөлөх эерэг хандлагыг нэмэгдүүлэх, бие бялдарыг хөгжүүлэх, талуудын мэдээлэл, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд харилцан хувь нэмрээ оруулах, хамтран ажиллах зорилгоор хамтран ажиллах санамж бичгийг байгуулсан байна.
Анх 1958 онд Пионерийн ордны бөхийн дугуйлан нэрээр үүсэн байгуулагдаж 1988 он хүртэл олон зуун өсвөр үе, хүүхэд багачуудыг бөхийн спортоор хичээллүүлсэн дугуйлан бөгөөд улс орныхоо нэрийг дуурсгасан олон тамирчид, үндэсний бөхийн улсын аварга Д.Сумьяабазар, улсын арслан Ө.Эрдэнэ-Очир, П.Дагвасүрэн, улсын гарди П.Сүхбат, улсын заан Ц.Баярсайхан нарын олон хүчит бөхчүүд энэ дугуйлангаас бөхийн эрдмийн эхлэлээ тавьсан түүхтэй. Ийнхүү 36 жил завсарлаад байсан дугуйлан дахин хичээллэх болсныг дуулгахад таатай байна гэж МҮБХ болон БТСУХ-ноос мэдээлэв.