
Аргентин улсын Сан Хуан хотод “Ралли Рейд”-ийн дэлхийн аваргын цувралын гуравдугаар гараа болж өндөрлөлөө. Аргентины 13 дахь удаагийн раллигийн мотоциклийн төрөлд 78, автомашины төрөлд 38 баг өрсөлдсөн юм. Мото төрөл дотроо Rally GP төрөлд 12, Rally2 ангилалд 50, сонирхогчдын Rally3 төрөлд 3н тамирчин, Куад төрөлд 8н тамирчин гараанаас гарлаа.
Энэхүү 13дах удаагийн “Desafio Ruta 40” уралдаанд манай улсаас “Тал нутгаас Дакарт” төслийн тамирчин, олон улсын хэмжээний мастер Б.Батмөнх, “КТМ Монголиа”-гийн тамирчин, олон улсын хэмжээний мастер П.Мөрөн нар уралдав.
“Тал нутгаас Дакарт” төслийн тамирчин Б.Батмөнх ДАШТ-ий 3-р гарааны таван өдрийн уралдааны дараа нийт 78 тамирчдаас нийлбэр дүнгээр 27, ралли2 ангилалдаа 17 дугаар байрт хурдалснаар 12 оноо авч, 2027 оны “Дакар ралли”-д эрхээ албан ёсоор авлаа.
Тэгвэл 2026 оны “Дакар ралли”-д уралдсан хашир мастер П.Мөрөн ралли3 төрөлдөө нийт 78 тамирчдаас нийлбэр дүнгээр 30-рт, ралли3 ангилалдаа 1 дугаар байрт шалгарч тус ангилалдаа зургаан гараанд дараалан түрүүлснээр нийлбэр дүнгээр тэргүүн байр эзэлж, аваргын цом өргөжээ. Ингэснээр монгол хүн FIM Дэлхийн аваргын цувралд түрүүлсэн анхны тохиолдол боллоо.















