
Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2026.06.02/ хуралдаан 11.03 цагт УИХ-ын гишүүн А.Ариунзаяа, Ж.Батжаргал, Т.Доржханд, Ч.Лодойсамбуу, Э.Одбаяр, Б.Энхбаяр, Ж.Бат-Эрдэнэ, Б.Баярбаатар, Б.Жавхлан, Л.Мөнхбаатар, Ц.Туваан, Д.Энхтуяа, Б.Батбаатар, С.Бямбацогт, С.Зулпхар, Б.Найдалаа, О.Цогтгэрэл нар ирж, 53.1 хувийн ирцтэйгээр эхлэв.
Хуралдаанаар хэлэлцсэн эхний асуудал нь Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад ороогүй хууль, тогтоолын төслүүдийг чуулганаар хэлэлцүүлэх эсэх тухай байлаа.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 5.7-д “Энэ хуулийн 5.1-д заасан жагсаалтад ороогүй хууль, тогтоолын төсөл өргөн мэдүүлснийг Зөвлөлийн саналыг харгалзан Төрийн байгуулалтын байнгын хороо хэлэлцэж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн бол чуулганаар хэлэлцүүлнэ.” гэж заасныг хуралдаан даргалагч танилцуулаад Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн төсөл бүрээр санал хураалт явууллаа.
Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Засгийн газраас 2026 оны 05 дугаар сарын 26-ны өдөр өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Цагдаагийн байгууллагын хамтын ажиллагааны тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Чех Улс хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл, Засгийн газраас 2026 оны 05 дугаар сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжлээ.
Мөн М.Энхцэцэг нарын УИХ-ын 76 гишүүний 2026 оны 05 дугаар сарын 27-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл, мөн өдөр П.Сайнзориг нарын УИХ-ын 19 гишүүний өргөн мэдүүлсэн Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл, О.Амгаланбаатар нарын УИХ-ын 17 гишүүний 2026 оны 05 дугаар сарын 29-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжив. Түүнчлэн 2026 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Засгийн газраас өргөн мэдүүлсэн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, П.Сайнзориг нарын УИХ-ын 37 гишүүний өргөн мэдүүлсэн Улсын бүртгэлийн ерөнхий хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, С.Одонтуяа нарын УИХ-ын 37 гишүүний өргөн мэдүүлсэн Монгол Улсын хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ.
Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг шийдвэрлэв
Хуралдаан О.Амгаланбаатар нарын УИХ-ын 41 гишүүний 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр өргөн мэдүүлсэн Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлаар үргэлжлэв.


УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах үндэслэл шаардлагаа танилцуулаад, төсөлд тусгасан зохицуулалтын талаар мэдээлсэн. Тухайлбал, Улсын баяр наадмаар ганцаарчилсан төрөлд эрийн гурван наадам зохион байгуулахаар тусгаж, эрийн гурван наадам үндэсний бөх барилдах, их насны морь унаж уралдах, сур харваанаас бүрдэнэ хэмээн заажээ. Дэлхийн Монгол наадмыг 2026 оноос эхлэн гурван жил тутам зохион байгуулж, уг наадмын үндэсний бөхийн барилдаан, хурдан морины уралдаан, сур харвааны төрлүүдэд дэлхийн аварга цол олгоно гэсэн зохицуулалтыг нэмэхээр тусгажээ.
Мөн Улсын аварга шалгаруулах тэмээний уралдааныг өвөл зохион байгуулж, тэмээний амжилтыг харгалзан Улсын алдарт уяач цол олгох, гадаадад амьдарч байгаа монголчуудын дунд жил бүр зохион байгуулдаг үндэсний их баяр наадамд 64 бөх барилдсан бол сумын наадамтай адилтган үзүүрлэсэн бөхөд сумын начин, түрүүлсэн бөхөд сумын заан цол олгох, 128 бөх барилдсан бол аймгийн баяр наадамтай адилтган тав давсан бөхөд аймгийн начин, зургаа давсан бөхөд аймгийн харцага, үзүүрлэсэн бөхөд аймгийн заан, түрүүлсэн бөхөд аймгийн арслан цолыг тухайн улсад суугаа Элчин сайд олгохоор тусгасан байна.
Хурдан морь унадаг уралдаанч хүүхдэд улс, аймаг, сумын оны шилдэг уралдаанч цол олгохоос гадна Улсын баяр наадам болон Засгийн газрын шийдвэрээр зохион байгуулсан шигшмэл, бүсийн үндэсний хурдан морины уралдаанд морь нь түрүүлж айрагдсан уяачдад олгох цолны талаар заажээ. Түүнчлэн допингийн шинжилгээний хариу гартал батламж олгож, хариу гарсан өдрөөс хойш гурван хоногийн дотор шинжилгээний хариу болон батламжийг үндэслэн тухайн бөх, харваачдад улсын цолыг олгох зохицуулалтыг тусгасан талаар танилцуулав.


Төслийн танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Туваан, Б.Баярбаатар, А.Ариунзаяа, Б.Батбаатар, Ч.Лодойсамбуу, Ж.Бат-Эрдэнэ нар асуулт асууж, байр сууриа илэрхийлэв.
УИХ-ын гишүүд аймаг, сумдын гурван насны айраг, түрүү морьдыг уясан уяачдад олгох цолтой холбоотой зохицуулалтыг илүү тодорхой болгох, гадаад улсад суугаа Элчин сайдууд бөхийн цол олгох нь зүйтэй эсэх, ганцаарчилсан төрөлд эрийн гурван наадам хийх боломжийн талаар хөндсөн асууж, байр сууриа илэрхийлсэн бөгөөд Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тус хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэнгүй.
Үргэлжлүүлэн П.Сайнзориг нарын УИХ-ын 19 гишүүний 2026 оны 05 дугаар сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг шийдвэрлэв. Хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн Ж.Батжаргал танилцууллаа.


Хуулийн төсөлд Их Монгол Улс байгуулагдсаны тэгш ой тохиох жилүүдэд 1024 бөхийн барилдаан зохион байгуулах асуудлыг Монгол Улсын төрийн тэргүүн, Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч Ерөнхийлөгч тухай бүр шийдвэрлэдэг байх, улмаар Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5 дахь хэсэгт аймгийн наадамд зургаа давсан бөхөд “аймгийн харцага” цол олгох асуудал орхигдсон байгааг нэмж оруулах зохицуулалтыг тусгасан байна.
Хуулийн төсөл батлагдсанаар Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдэл, төрт ёс, түүх, соёл, өв уламжлал, зан заншлыг бэлгэдсэн уламжлалт баяр болсон Үндэсний их баяр наадам, Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн тэгш ойг ёслол төгөлдөр, өргөн дэлгэр тэмдэглэж, түүх, соёлоороо бахархах үндэсний ухамсар сайжирна гэж төсөл санаачлагчид үзжээ.
Мөн уг хуулийн төслийг дагалдуулан Үндэсний их баяр наадмын тухай хууль (Шинэчилсэн найруулга)-ийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан байна.
2003 оны 6 дугаар сарын 13-ны өдөр баталсан Үндэсний баяр наадмын тухай, 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдөр баталсан Үндэсний баяр наадмын тухай хууль (Шинэчилсэн найруулга) батлагдаж хүчин төгөлдөр үйлчлэхээс өмнөх үеийн 1987 онд болон Монголын бүх ард түмний спартакиад, 1995 оны Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр зохион байгуулсан “Өндөр Гэгээн Занабазарын 360 жилийн ойн баяр наадам, 1989 он, түүнээс хойших улсын баяр наадамд үзүүрлэж, шөвгөрсөн болон Ардын хувьсгалын тэгш ойн баяр наадамд шөвгөрч тухайн үеийн дүрэм, уламжлал, жишгийн дагуу цол олгогдох амжилт үзүүлсэн боловч цол нь олгогдоогүй бөхчүүдийн өөрийн, эсхүл гэр бүлийн гишүүний хүсэлтийн дагуу цолыг нөхөж олгох асуудлыг Монголын Үндэсний бөхийн холбооны саналыг үндэслэн Үндэсний их баярын наадмын хороо Монгол Улсын Ерөнхийлөгчид уламжлан нэг удаа шийдвэрлүүлэх болон Ардын хувьсгалын 100 жил, Залуучуудын байгууллага үүсэж хөгжсөний 100 жил, Монголын Үндэсний бөхийн холбоо байгуулагдсаны 30 жил, Монгол бөхийг дэлхийн дээд амжилт Гиннесийн номд бүртгүүлсний 10 жилийн ойд зориулан 2021 онд зохион байгуулсан хүчит бөхийн барилдаанд 5, 6, 7, 8, 9 давж амжилт үзүүлсэн бөхчүүдэд Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 9.3 дахь хэсэгт цолыг Монголын Үндэсний бөхийн холбооны саналыг үндэслэн Үндэсний их баярын наадмын хороо Монгол Улсын Ерөнхийлөгчид уламжлан шийдвэрлүүлэх зохицуулалтыг тодорхой болгох шаардлагатай гэж үзэн уг хуулийн төслийг боловсруулсан байна.




Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын УИХ-ын гишүүн Ц.Туваан, А.Ариунзаяа, Ч.Лодойсамбуу, Б.Энхбаяр, Л.Гантөмөр нар асууж, байр сууриа илэрхийлэв. Тухайлбал, хууль батлагдсанаар хэдэн бөхийн цол нэмэгдэхийг тодруулж байлаа. Хуулийн төсөл санаачлагч П.Сайнзоригийн мэдээлснээр, Монголын Үндэсний бөхийн холбоонд 2026 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн байдлаар улсын цолны талаар нэр бүхий бөхчүүд, тэдгээрийн ар гэрээс 17 санал, хүсэлт ирээд буй аж.
Түүнчлэн гишүүд Их Монгол Улс байгуулагдсаны тэгш ой тохиох жилүүдэд 1024 бөхийн барилдаан зохион байгуулах асуудлыг Монгол Улсын төрийн тэргүүн тухай бүр шийдвэрлэдэг байх зохицуулалт Үндсэн хуульд заасан Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрхтэй харшлах эсэх, бөхчүүдийг допингоос ангид байх асуудлыг төр анхаарах, баяр наадмын өмнө допингийн шинжилгээ авч байх, допингийн асуудалгүй барилдуулах, 512, 1024 бөх барилдах зэргээр тоо хөөцөлдөлгүй, шагнал, урамшууллыг нэмэх нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийж байлаа.
Хэлэлцүүлгийн эцэст нь санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж, Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
Мөн хуралдаанаар О.Амгаланбаатар нарын УИХ-ын 17 гишүүний 2026 оны 05 дугаар сарын 29-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх асух асуудлыг хэлэлцлээ. Хууль санаалчлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар танилцуулав.


2020 онд батлагдсан хуулийн шинэчилсэн найруулгад засаг захиргааны нэгж, нутгийн удирдлагын чиг үүргийг давхардалгүй, хийдэлгүй тодорхойлсны дээр төрийн зарим чиг үүргийг төлөөлүүлэн гүйцэтгүүлэх зохицуулалтыг тодорхой тусгасан байна.
Харьяа нутаг дэвсгэртээ төрийн чиг үүргийг төлөөлөн хэрэгжүүлэхдээ Засаг дарга нь төрийн төлөөлөгчийн хувьд эрхлэх асуудлын хүрээний агентлагийн удирдлагыг томилж, чөлөөлөх, хариуцлага тооцох, ажлын төлөвлөлт, түүний гүйцэтгэлд хяналт тавих, чадварлаг төрийн албан хаагчийг сонгон шалгаруулах, урьж ажиллуулах зэргээр удирдлага, зохион байгуулалтын эрхийг нь шилжүүлэх шаардлага үүссэн гэж төсөл санаачлагч үзжээ.
Иймд төрийн захиргааны төв болон төрийн захиргааны байгууллагын бодлого хэрэгжүүлэх, төрийн үйлчилгээ, аж ахуйн талаарх чиг үүргийг орон нутагт хэрэгжүүлдэг агентлагуудын удирдлагын томилгоог орон нутаг, Засаг даргад шилжүүлэх боломжтой хэмээн үзэж, төслийг боловсруулсан байна.
Хуулийн төсөлд төрийн чиг үүргийг хэрэгжүүлэх агентлагуудын орон нутаг дахь байгууллагын захирал, удирдлагуудыг томилох, чөлөөлөх эрхийг Засаг даргад олгох зохицуулалтыг тусгажээ.


Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Туваан, Б.Баярбаатар, А.Ариунзаяа, С.Зулпхар, Л.Гантөмөр нар асууж, байр сууриа илэрхийлсэн. Тухайлбал, УИХ-ын гишүүн С.Зулпхар, удирдлагыг нь орон нутгийн Засаг дарга томилох агентлагуудын асуудлыг эргэн харах нь зүйтэй хэмээсэн бол УИХ-ын гишүүн Л.Гантөмөр, хуулийн төслийг дэмжиж байгаагаа илэрхийлээд, Үндсэн хуулийн үзэл санааг амилуулахад дээрх өөрчлөлт чухал үүрэгтэй хэмээв. Тэрбээр, бүх удирдлагыг дээрээс томилох нь орон нутгийн бие даасан байдлыг үгүй хийж байгаа гээд, асуудлыг улстөржилгүйгээр шийдэх нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлэв. Хуулийн төслийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хэлэлцэхийг дэмжсэн учир санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.
Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив
Хуралдаан Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн тогтоолын төслийг хэлэлцэх эсэх асуудлаар үргэлжиллээ. Засгийн газраас 2026 оны 05 дугаар сарын 26-ны өдөр өргөн мэдүүлсэн хуулийн төслийн талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан танилцууллаа.


Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хууль (Шинэчилсэн найруулга)-ийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдөр баталж, 2025 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр заасан бөгөөд уг хуулийг хэрэгжүүлэх хүрээнд Улсын Их Хурлын 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн “Хот байгуулах тухай” 72 дугаар тогтоолоор улсын зэрэглэлтэй 6, орон нутгийн зэрэглэлтэй 43, дагуул 4 хотыг байгуулах шийдвэр гарсан. Дээрх хууль тогтоомжийн хэрэгжилтийг зохион байгуулах арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлагыг харгалзан Улсын Их Хурлаас 2026 оны 06 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаагаар хойшлуулсан байна.
Гэвч хуульд оруулсан өөрчлөлтүүд нь Монгол Улсын Үндсэн хуультай зөрчилдөхийн зэрэгцээ Үндсэн хуульд заасан институцтэй зэрэгцээ бүтцүүд үүсэхээр байгааг Засгийн газраас байгуулагдсан ажлын хэсгээс тогтоожээ.
Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг хангах явцад хот байгуулахад хүн амын тоо, эдийн засаг, нийгмийн ач холбогдол, дэд бүтэц, зам харилцаа, инженерийн байгууламж, тухайн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжид үзүүлэх нөлөөлөл зэрэг олон шалгуурыг хамтад нь тооцох шаардлага үүссэн байна. Мөн өмнө батлагдсан шийдвэрүүдийг хэрэгжүүлэх явцад зарим хотын хүн амын тоо, эдэлбэр газар, хил зааг, өмч, төсөв, байгууллагын бүтэц бүрэн тодорхой болоогүй байна. Ийм нөхцөлд улсын болон орон нутгийн зэрэглэлтэй болон дагуул хотуудыг нэгэн зэрэг байгуулах нь чиг үүргийн давхардал, төсвийн нэмэлт ачаалал, зохион байгуулалтын хүндрэл үүсгэх эрсдэлтэй тул хот байгуулах бодлогыг бодит нөхцөл, бэлтгэл ажлын түвшинтэй уялдуулан үе шаттай хэрэгжүүлэх нь зүйтэй гэж төсөл санаачлагчид үзэж, уг хуулийн төслийг боловсруулжээ.
Хуулийн төсөлд Багануур, Налайх гэсэн улсын зэрэглэлтэй хоёр хотын зохион байгуулалт, эдэлбэр газар, хил зааг, чиг үүргийн шилжилт, төсөв, санхүү, хүний нөөцийн бэлтгэлийг ханган хэрэгжүүлэх гол зохицуулалтыг тусгасан байна.
Харин орон нутгийн зэрэглэлтэй болон дагуул хотуудын асуудлыг дээрх хотуудын хэрэгжилтийн явц, үр дүн, туршлага, гарсан хүндрэл, тэдгээрийг шийдвэрлэсэн арга замд үндэслэн дараагийн шатанд үе шаттайгаар шийдвэрлэхээр тооцжээ. Энэ зорилгоор “Хот байгуулах тухай” Улсын Их Хурлын 2024 оны 72 дугаар тогтоолын улсын болон орон нутгийн зэрэглэлтэй болон дагуул хот байгуулахтай холбоотой холбогдох зохицуулалтыг хүчингүй болсонд тооцохоор Улсын Их Хурлын тогтоолын төслийг мөн боловсруулсан аж.
Түүнчлэн чиг үүргийн давхардал, хариуцлагын зааг, ялгааг тодорхой болгох зорилгоор шилжилтийн үеийн зохицуулалтыг төсөлд тусгасан. Тодруулбал, улсын зэрэглэлтэй хотын Зөвлөл, Захирагч хуулийн дагуу сонгогдох хүртэл хугацаанд тухайн дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон Засаг дарга нь хотын Зөвлөл, Захирагчийн чиг үүргийг хэрэгжүүлэхээр хуулийн төсөлд тусгасан. Ингэснээр шинэ бүтэц шууд давхардан бий болохоос сэргийлж, төрийн үйлчилгээ тасалдахгүй байх, төсвийн нэмэлт ачааллыг бууруулах, хотын удирдлагын тогтолцоог үе шаттай бүрдүүлэх нөхцөл бүрдэнэ гэж үзжээ.
Хот байгуулахтай холбоотой эрх зүй, төсөв, зохион байгуулалтын тодорхойгүй байдал удаан үргэлжилбэл хөрөнгө оруулалтын шийдвэр хойшлох, орон нутгийн хөгжлийн бодлого хэрэгжихгүй удаашрах, төсвийн хөрөнгө оруулалт давхцах буюу үр ашиггүй зарцуулагдах, төрийн үйлчилгээний тогтвортой байдал алдагдах эрсдэлтэй. Иймээс уг асуудлыг цаг алдалгүй шийдвэрлэх нь эдийн засгийн өсөлтийн суурийг бүс нутагт тэнцвэртэй бүрдүүлэх, хөгжлийн бодлогын залгамж чанарыг хангах, төсөв, хөрөнгө оруулалтын үр ашгийг дээшлүүлэх замаар үндэсний эдийн засгийн аюулгүй байдлыг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой гэж төсөл санаачлагчид үзжээ.


Төслийн танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Туваан, Л.Гантөмөр нар асууж, УИХ-ын гишүүн Ж.Батжаргал байр сууриа илэрхийлсэн.
УИХ-ын гишүүн Ж.Батжаргал, УИХ Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийг батлахдаа Үндсэн хуулиас давсан байх магадлалтай. Засгийн газар хуулиа хэрэгжүүлэх гэхээр тодорхой хуулиудтай зөрчилдөх хүндрэл учирч цааш явахгүй байгаа юм. Улсын болон орон нутгийн шинж чанартай хотуудыг байгуулахдаа Үндсэн хууль болон Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд заасан үндсэн нэгжүүд болох аймаг, сумаа хэрхэх вэ гэдэг асуудал тулгараад байгаа. Засгийн газар УИХ хамтран ажиллаж, эрх зүйн хувьд эргэлзээгүй болгох ёстой хэмээлээ. Эцэст нь санал хураалт явуулахад хуулийн төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ.
Ажлын хэсэг байгуулав
Мөн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 04 дүгээр дүгнэлтийг 2025.05.26-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан Ажлын хэсэг байгуулах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг боловсруулжээ.
Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатараар ахлуулан, УИХ-ын О.Алтангэрэл, Ч.Ундрам нарын бүрэлдэхүүнтэй байгуулахаар тусгасан бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар Байнгын хорооны тогтоолын төслийг баталлаа.
Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийг сонгон шалгаруулах үүрэг бүхий ажлын хэсгийн санал, дүгнэлтийг хэлэлцэж, Нэр дэвшигчийн сонсголын тов тогтоох, сонсгол даргалагчийг сонгох тухай Байнгын хорооны тогтоолын төслийг баталлаа
Дараа нь Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийг сонгон шалгаруулах үүрэг бүхий ажлын хэсгийн санал, дүгнэлтийг хэлэлцэв.
Улсын Их Хурлаас Монголын Үндэсний Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлж, гишүүнээр томилогдон ажиллаж байсан С.Алтанцэцэг, В.Бат-Эрдэнэ, Д.Батсүх нарын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсонтой холбогдуулан Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийг үндэслэн нэр дэвшигчийг сонгон шалгаруулах үүрэг бүхий ажлын хэсэг ажилласан юм. Ажлын хэсгийн санал, дүгнэлтийг ажлын хэсгийн ахлагч Улсын Их Хурлын гишүүн Б.Баярбаатар танилцууллаа.


Тэрбээр, Улсын Их Хурлаас Монголын Үндэсний Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлд нэр дэвшүүлэн ажиллаж байсан С.Алтанцэцэг, В.Бат-Эрдэнэ, Д.Батсүх нарын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсонтой холбогдуулан Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийг үндэслэн Төрийн байгуулалтын байнгын хороо 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 05 дугаар тогтоолоор Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийг бүртгэж, холбогдох материалыг хүлээн авахаар сонгон шалгаруулалтын зарыг Parliament.mn болон бусад олон нийтийн цахим хуудаст байршуулсан.
Уг сонгон шалгаруулалтын зарын дагуу 19 төрийн бус байгууллагаас нэр дэвшүүлж холбогдох материалиа Байнгын хороонд ирүүлсэн.
Төрийн байгуулалтын байнгын хороо нэр дэвшигчдийн ирүүлсэн хүсэлт, материалыг хүлээн авч, тэдгээртэй холбогдуулан Төрийн албаны зөвлөл, Авилгатай тэмцэх газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газраас шаардлагатай лавлагаа, мэдээллийг тус тус авсан. Байнгын хорооны 2025 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 13 дугаар тогтоолоор Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.7-д “Энэ хуулийн 21.5-д заасан байгууллага, албан тушаалтан төрийн бус байгууллагуудын саналаас сонголт хийн Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ” гэж заасны дагуу Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийг төрийн бус байгууллагуудын саналаас сонгон шалгаруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан бөгөөд ажлын хэсгийн ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн Б.Баярбаатар миний бие, ажлын хэсгийн гишүүдэд Улсын Их Хурлын гишүүн Э.Болормаа, А.Ганбаатар, Ц.Идэрбат, Ч.Лодойсамбуу, Г.Уянгахишиг нарын 6 гишүүний бүрэлдэхүүнтэй ажиллаж, нийт 3 удаа хуралдсан.
2025 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн хуралдаанаар ажлын хэсгийн гишүүд Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийг төрийн бус байгууллагуудын саналаас сонгон шалгаруулах үйл ажиллагааг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн ил тод, шударга зохион байгуулах зорилгоор “Ажлын хэсгийн ажиллах түр журам”-ыг боловсруулж, мөрдөн ажиллах саналыг гаргасан.


Тус “Ажлын хэсгийн ажиллах түр журам”-д Олон нийтийн радио, телевизийн тухай хууль болон Төрийн байгуулалтын байнгын хорооны 2022 оны 16 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан маягтын хүрээнд төрийн бус байгууллагаас санал болгосон нэр дэвшигчдийн дэлгэрэнгүй мэдээлэл, томилогдсон тохиолдолд хэрэгжүүлэх үйл ажиллагаа, нэр дэвшүүлсэн үндэслэл, түүнчлэн хуульд заасан бусад шаардлагыг хангаж байгаа эсэхэд үнэлж, санал, дүгнэлт гаргах шинээр томилогдох Үндэсний зөвлөлийн гишүүний мэргэжлийн болон санал болгосон төрийн бус байгууллагын үйл ажиллагааны чиглэл нь өмнө нь чөлөөлөгдсөн гишүүний чиглэлтэй нийцэж байгаа эсэхийг харгалзан үзэж сонгон шалгаруулалтыг явуулах, шаардлага хангасан бүх нэр дэвшигчийг Улсын Их Хурлын гишүүдийн сонгох эрхийг хангах зорилгоор Төрийн байгуулалтын байнгын хороонд санал болгож, нэр дэвшигчийн сонсголд оролцуулахаар тусгасан. Дээрх саналыг тусгасан “Ажлын хэсгийн ажиллах түр журам”-ыг 2026 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн хуралдаанаар баталсан гэлээ.
Ажлын хэсэг 2026 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн хуралдаанаар Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлж ирүүлсэн 19 төрийн бус байгууллагуудын нэр дэвшигчдийн баримт материалыг хэлэлцэн, Олон нийтийн радио, телевизийн тухай хууль болон “Ажлын хэсгийн ажиллах түр журам”-ын шаардлагыг хангаж байгаа эсэхийг харгалзан үзэж сонгон шалгаруулалтыг явууллаа. Сонгон шалгаруулалтын дүнд нийт 19 нэр дэвшигчээс 10 нэр дэвшигч Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийн 21 дүгээр зүйл болон холбогдох хууль, журмын шаардлагыг хангаагүй үндэслэлээр хасаж, үлдсэн 9 нэр дэвшигчийг шаардлага хангасан гэж дүгнэжээ. Иймд дээрх шаардлагыг хангасан нэр дэвшигчдийг Улсын Их Хурлын гишүүдийн сонгох эрхийг хангах үүднээс Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлж, нэр дэвшигчийн сонсголд оролцуулах нь зүйтэй гэж үзсэн байна.
Ажлын хэсгийн санал, дүгнэлтийг Байнгын хорооны хуралдаанаар сонссоны дараа Нэр дэвшигчийн сонсголын тов тогтоох, сонсгол даргалагчийг сонгох тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцлээ.
Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийн 21.2 дахь хэсэгт “Үндэсний зөвлөлийн гишүүний бүрэн эрхийн хугацаа 6 жил байна”, 21.5.2 дахь заалтад Үндэсний зөвлөлийн гишүүнд Улсын Их Хурал 7 хүнийг нэр дэвшүүлэхээр тус тус заасан бөгөөд нэр дэвшигчийн сонсгол зохион байгуулах зохицуулалтыг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 129, 130, 131 дүгээр зүйлд тусгасан гэдгийг хуралдаан даргалагч танилцуулсан.
Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигч Э.Адъяасүрэн, Ж.Билэгсайхан, Д.Наранцэцэг, Д.Мягмарсүрэн, С.Од-Эрдэнэ, Б.Энэрэлт, Л.Энхжин, Г.Энхбаяр, М.Төрманлай, Д.Гүн-Үйлс, Ч.Батцэнгэл нартай хийх нэр дэвшигчийн сонсголыг 2026 оны 06 дугаар сарын 22-ны өдөр зохион байгуулах, Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийн сонсгол даргалагчаар Улсын Их Хурлын гишүүн С.Зулпхарыг сонгохоор тогтоолын төсөлд тусгасан бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжин, тогтоолын төслийг эцэслэн баталлаа.








