ОХУ болон Украины ерөнхийлөгч нар шинэ оныг угтаж, ард иргэддээ хандаж үг хэллээ. Ингэхдээ тэд дайны хэтийн төлөвийн талаар дурдсан байна. 20 минутын турш үргэлжилсэн илтгэлийнхээ үеэр Украины ерөнхийлөгч Володимир Зеленский нийт 14 удаа дайн гэх үгийг дурдсан байв.
Украины ерөнхийлөгч В.Зеленский ирэх онд Украинд үйлдвэрлэх зэвсгийн хэмжээгээ нэмэгдүүлнэ гэдгээ амлалаа. Шинэ оныг угтсан мэндчилгээндээ В.Зеленский ирэх онд Украинд 1 сая гаруй нисгэгчгүй онгоц үйлдвэрлэхээ онцолсон юм. Тэрбээр мөн Украинчууд үзэл санааны хувьд эв найрамдалтай байж чадсан нь 2023 оны хамгийн том амжилт ололт гэсэн юм. Мөн Украины эрх чөлөөг хамгаалж үлдэхийн тулд бууж өгч болохгүй хэмээн ард иргэддээ уриалж байв.
Харин ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путины хувьд илтгэлдээ дайны талаар маш бага дурьдлаа. Энэ нь гуравдугаар сард болох ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой байж магадгүй гэдгийг хэвлэлүүд тодотгож буй. Шинжээчдийн зүгээс 2023 онд ОХУ болон Украин аль аль нь дайны талбарт төдийлөн давуу байдал эзэлж чадалгүй өнгөрөөсөн жил байлаа хэмээн дүгнэж байгаа юм.