Шинэ төрлийн коронавирусын халдвараар нас барж буй хүмүүсийн тоо, халдвар тархсан өдрөөс хойш хамгийн их тоонд хүрлээ. Гуравдугаар сарын 31-нд дэлхий даяар 4356 хүн нас барсан байна. Нэг хоногийн дотор АНУ-д 741, Италид-837, Испанид-748, Их Британид- 381, Францад-499, Иранд-141, Германд-130, Бельгид-192, Нидерландад-175 хүн эндсэн аж. Харин шинээр бүртгэгдсэн халдварын тоогоор АНУ бусад улс орнуудаас 2-3 дахин их байгаа юм. Тодруулбал, 24 цагийн дотор АНУ-д 24 479 хүн халдвар авсан нь лабораторийн шинжилгээгээр нотлогджээ. Испани, Франц улсад 7000-аас дээш, Итали, Германд 4000-аас дээш, Иран, Их Британид 3000-аас дээш, Туркад 2500-аас дээш, Канад, Португал, Бразил улсад 1000-аас дээш тохиолдол бүртгэгдсэн байна.
АНУ-д халдвар авагсдын тоо хурдацтай нэмэгдэж, хоногийн дотор 20 мянгаас дээш тохиолдол бүртгэгдэж байгаа ч халдварын оргил үе эхлээгүй, ирэх долоо хоногоос эхэлж магадгүй гэсэн таамаг гарсан талаар АНУ-ын Хүн амыг аюулаас хамгаалах төв мэдэгдсэн юм.