Өнөөдөр өдөртөө Хөвсгөлийн зүүн хэсгээр их цас орно. Мөн Завханы нутаг, Булганы хойд хэсгээр цасан шуурга шуурч, Говь-Алтай, Өвөрхангайн нутаг, Баянхонгорын өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, өдөр баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч, хүчтэй салхи, шороон шуургатай байхыг Цаг уур, орчны шинжилгээний газар онцгойлон анхаарууллаа.
Салхи 25-нд ихэнх нутгаар, 26-нд говь, талын нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч цасан болон шороон шуурга шуурна. Ихэнх нутгаар хүйтэрч Увс нуур болон Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 25-30 градус, өдөртөө 10-15 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг-Үүр, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Халх голын хөндийгөөр шөнөдөө 17-22 градус, өдөртөө 6-11 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 2-7 градус хүйтэн байна. Энэ сарын 28-наас ихэнх нутгаар дулаарна гэж Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ.