Манай цагаар өчигдөр өглөө 08.00 цагаас явагдах байсан Оклохама Сити Тандер болон Юта Жазз багийн тоглолт цуцлагдсан. Тамирчид талбай дээр бие халаалтаа хийж, ордонд үзэгчид суудлаа эзэлсэн байхад тоглолтыг цуцалж буйгаа зарласан. Төд удалгүй Юта Жазз багийн төвийн тоглогч Руди Гоберын шинжилгээний хариу эерэг буюу вирусийн халдвартай нь батлагдсан. Үүний дараа Юта Жазз багийн тамирчин, арын алба, багийн менежер нийлээд 58 хүнээс шинжилгээ авахад багийн лидер, залуу тоглогч Донован Мичеллээс вирусийн халдвар илэрсэн юм.
НБА-ийн комиссар Адам Силвер “Багууд хамгийн багадаа 30хоног тоглохгүй. Цаашдаа юу болохыг сайн мэдэхгүй учир эрт шийдвэр гаргах нь зохимжгүй” гэлээ.
Ташрамд дурдахад, НБА-ийн Алдрын танхимийн гишүүн, аналист Чарлес Баркли гэртээ өөрийгөө тусгаарлаж, шинжилгээ өгөн, хариугаа хүлээж байгаа аж.