
Өнгөрсөн ням гарагт Украины зэвсэгт хүчин ОХУ-ын Самара мужийн Новосемейкино тосгонд байрлах Wildberries цахим дэлгүүрийн агуулахад дроны цохилт үзүүлжээ.
Гэрчүүдийн мэдээлснээр Киев Оросын цахим худалдааны хамгийн том платформ болох Wildberries-н агуулахын байрыг өглөө 08:00 цагийн орчимд, ээлж солилцох үеэр бөмбөгдсөн ба дроны цохилтын улмаас агуулахын байр шатжээ. Самара мужийн захирагч Вячеслав Федорищевын мэдээлснээр уг цохилтын улмаас хүний амь үрэгдээгүй аж.
Украины зэвсэгт хүчин 6-р сар гарснаас хойш Оросын Wildberries цахим дэлгүүрийн багадаа 16 агуулахад дроны цохилт үзүүлээд байгаа ба Самара мужид байрлах агуулах Украины дроны халдлагад өртсөн 17 дахь агуулах болоод байна.
Wildberries-н агуулахаас гадна Киев ОХУ-ын Саратов мужид байрлах Роснефть компанийн эзэмшлийн Саратовын газрын тос боловсруулах үйлдвэр, ОХУ-ын зэвсэгт хүчний “Энгельс-2” нисэх буудлыг бөмбөгджээ.
Он гарснаас хойш Киев Оросын эрчим хүчний дэд бүтцүүд тэр дундаа газрын тос боловсруулах үйлдвэрүүдэд үзүүлэх цохилтуудаа эрчимжүүлсэн билээ. Өнгөрсөн 7-р сард Украины арми Омск хотод байрлах “Газпром нефть” компанийн газрын тос боловсруулах үйлдвэрт цохилт үзүүлснээр дайн эхэлснээс хойш Оросын газрын тос боловсруулах хамгийн том 11 үйлдвэрт бүгдэд нь цохилт үзүүлжээ.
Шинжээчдийн үзэж байгаагаар Украины дроны цохилтуудаас болж ОХУ-ын газрын тос боловсруулах үйлдвэрүүдийн хүчин чадал 30-42 хувиар буураад байгаа ба үүнээс болж ОХУ даяар бензин, түлшний хомсдол үүсэж, Оросын засгийн газар шатахууны экспортын хоригоо 2027 оны 1-р сарын 31 хүртэл сунгаад байгаа юм.
Түүнээс гадна тус улс БНХАУ, Казахстан, Беларус зэрэг улсаас шатахуун импортолж байна.
AP News







