
Дүрслэх урлаг, хувцас дизайн, гэрэл зураг, үнэт эдлэл, гоёл чимэглэлийн бүтээлүүдийг нэгэн дор толилуулсан “Global Silhouette” олон улсын үзэсгэлэн 2026 оны 7-р сарын 22-ны өдөр ХААН галерейд нээлтээ хийлээ.
Монгол, Япон, БНСУ, АНУ-ын уран бүтээлчдийн тус хамтарсан үзэсгэлэнд Японы хувцас загварын боловсролын үндэс суурийг тавьсан Сүгино Ёшико (1892–1978)-гийн өв уламжлалыг үргэлжлүүлэн хөгжүүлж буй дизайнерууд болох Ниномия Тохко, Ямамото Сачико нар хүрэлцэн ирж, бүтээлээ дэлгэн толилуулж байна. Ниномия Тохко нь “ME ISSEY MIYAKE” брэндийн дизайнер, Ямамото Сачико нь TULI брэндийг үүсгэн байгуулагч гэдгээрээ олон улсад танигдсан уран бүтээлчид билээ.

Мөн Японы Ann Fashion College-ийн захирал Андо Кикүко, Musashino Fashion College-ийн захирал Сүзава Маки, үнэт эдлэлийн дизайнер Монма Хироко, түүнчлэн эдгээр сургуулийн багш, оюутнуудын бүтээлүүд үзэсгэлэнд олны хүртээл болж байна.
Монгол Улсыг төлөөлөн Сити их сургуулийн багш, доктор, профессор Б.Мөнхцэцэг, Sugino Fashion College-ийн төгсөгч, Mirai Design брэндийн дизайнер Б.Сарнай болон Дүрслэх урлагийн дээд сургууль, Олон улсын Улаанбаатар их сургууль, Монгол Улсын MIU олон улсын их сургуулийн төгсөгч, уран бүтээлчид өөрсдийн бүтээлээ олон нийтэд толилуулж буй юм.


Дүрслэх урлаг, хувцас загвар, үнэт эдлэл, гэрэл зургийн урлагийг нэг дор нэгтгэсэн энэхүү үзэсгэлэн нь уран бүтээлчдийн бүтээлээр дамжуулан улс орнуудын соёлын солилцоог өргөжүүлэх, орчин үеийн урлаг, дизайны чиг хандлагыг танилцуулах, бүтээлч хамтын ажиллагааг дэмжих зорилготой юм.
“Global Silhouette” олон улсын үзэсгэлэн 2026 оны 8-р сарын 22-ны өдрийг дуустал ХААН Банк цамхгийн 3 давхарт байрлах ХААН галерейд ажлын өдрүүдэд 10:00–18:00 цагийн хооронд олон нийтэд үнэ төлбөргүй нээлттэй ажиллана.


Урлаг, дизайн сонирхогч та бүхнийг хүрэлцэн ирж, олон улсын уран бүтээлчдийн өвөрмөц сэтгэлгээ, бүтээлч ертөнцтэй танилцахыг урьж байна.
Үзэсгэлэнд оролцож буй уран бүтээлчид
Япон
Тохко Ниномия – Дизайнер, профессор, Dressmaker Gakuin сургуулийн төгсөгч
Сачико Ямамото – Дизайнер, профессор, Dressmaker Gakuin сургуулийн төгсөгч
Хироко Монма – Үнэт эдлэлийн дизайнер, профессор
Маки Сүзава – Дизайнер, профессор
Монгол
Б.Мөнхцэцэг – Доктор, профессор, Сити их сургууль
Г.Төгсөө – Дизайнер, Күнз сургуулийн багш
Ж.Цэлмэг – JIDA брэнд
А.Мөнгөндолгион – Сорхон-Сондор брэнд
Н.Адъяадулам – AYIDA брэнд
Л.Зул – Dew брэнд
Ц.Төгс-Уран – СУИС, Дүрслэх урлагийн академи
Г.Оюун – СУИС, Дүрслэх урлагийн академи
Б.Бэлгүтэй – AMULET брэнд
Б.Дөлгөөн – Дизайнер
Э.Намуунаа – Олон улсын Улаанбаатар их сургуулийн төгсөгч
Г.Цэвээнсүрэн – СУИС, Дүрслэх урлагийн академийн төгсөгч
Анна Старикова – Монгол Улсын MIU олон улсын их сургуулийн төгсөгч
Б.Сарнай – Mirai Design брэндийн дизайнер
Зураачид
-Н.Зулцэцэг
-Б.Дөлгөөн
-Р.Сэнгүм
-Б.Бэлгүтэй
-До.Болд
-Я.Оюунчимэг
-Э.Амирлан
БНСУ
-Чеон Саерок
АНУ
-Тодд Форсгрен







