
Хур тунадасны улирлын урьдчилсан төлөвөөр Хөвсгөл, Архангай, Булган, Сэлэнгэ, Төвийн нутаг, Завханы зүүн, Баянхонгор, Өвөрхангай, Дундговийн хойд хэсгээр ОЖД–аас ахиу, бусад нутгаар дунджийн орчим орох төлөвтэй байна.
Дээрх зураглалаас үзэхэд агаарын дундаж температур Дорнод, Сүхбаатар, Дорноговийн нутаг, Хэнтий, Өмнөговийн зүүн хэсгээр олон жилийн дундажийн орчим, бусад нутгаар дунджаас дулаан байх төлөвтэй байна.
Манай орны байгаль, цаг уурын онцлогоос хамаарч жил бүрийн 8 дугаар сарын 20-ыг хүртэл бэлчээрийн ургамал ургах боломжтой тул одоогийн байдлаар бэлчээрийн ургамлын ургац, ургамалжилтын хазайлтыг эцсийн гэж үзэх боломжгүй байна. Гэхдээ мэргэжлийн байгууллагын мэдээгээр ирэх 8 дугаар сард агаарын дундаж температур олон жилийн дунджаас дулаан байх төлөвтэй гантай, гандуу байх төлөвтэй байна. Иймд гантай, гандуу байгаа нутгуудад өвөл, хаврын улиралд бэлчээрт хадгалагдах өвсний хэмжээ нэмэгдэх боломж хязгаарлагдмал гэж урьдчилан тоймолж байна.
Эдгээр бэлчээрийн ургамлын ургац, гангийн зураглалын үр дүнд суурилан мал аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээ болон онцгойлон анхаарах бүс нутгийг тогтоодог. Цаг уурын улирлын тоймоос үзэхэд нутгийн ихэнх хэсэгт агаарын температур олон жилийн дунджаас дулаан, хур тунадас олон жилийн дунджаас бага байх төлөвтэй байгаа нь мал аж ахуйн 2026-2027 оны өвөлжилт, хаваржилтад анхаарах шаардлага үүсгэж болзошгүй байна.







