
БНСУ-ын прокурорын газар амттаныхаа чимэглэлд шоргоолж ашигласан хэргээр Сөүл хотын Ганнам дүүрэгт байрлах Michelin-ий хоёр одтой зоогийн газрын эзэнд нэг жилийн хорих ял, 20 сая воны торгууль ноогдуулахыг шүүхээс хүсжээ. БНСУ-ын хуулиар шоргоолж нь хоол хүнсэнд ашиглахыг зөвшөөрсөн хорхой шавжуудын тоонд багтдаггүй бөгөөд дээрх алдартай зоогийн газар нь өнгөрсөн 4 жилийн хугацаанд тус зоогийн газар АНУ, Тайландаас 49 мянга орчим шоргоолж импортолж, хоол болон амттандаа ашигласныг прокурорууд тогтоожээ.
Түүнээс гадна тус зоогийн газрын ашиглаж байсан шоргоолжнуудаас зөвшөөрөгдсөн хэмжээнээс 55 дахин их хар тугалга илэрсэн байна. Тус зоогийн газрын ахлах тогооч амттан захиалсан үйлчлүүлэгчдээсээ шоргоолжтой амттан идэх эсэхийг нь асуудаг байсан хэмээн мэдүүлж, үйлчлүүлэгчдийнх нь 40 орчим хувь нь шоргоолжтой амттанаас татгалзаж, оронд нь өөр амттан авсан гэжээ.
Chosun Daily сайтад бичсэнээр тус зоогийн газрын эзэн Netflix-ээр гарсан БНСУ-ын The Culinary Class Wars шоунд оролцож байсан олон танигдсан алдартай нэгэн аж. Сөүл хотод Michelin-ий хоёр одтой 10 зоогийн газар үйл ажиллагаа явуулдаг ба Michelin-ий одыг тухайн зоогийн газрын хоолны орцонд орж буй бүтээгдэхүүнүүдийн чанар, хоолны амт, тогоочдын техник арга барил, ахлах тогоочийн харилцаа хандлага, тогтвортой байдал зэргийг нь харж олгодог аж.







