
“Монголын газрын хэвлийн баялаг Монголын ард түмний өмч.”
Энэ бол Үндсэн хуулийн заалт. Харин энэхүү өмчөөс ард түмэн ямар өгөөж хүртэх вэ гэдэг асуултын хариулт нь Ашигт малтмалын тухай хууль болон ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр (АМНАТ)-ийн тогтолцоонд оршдог.
Тиймээс Засгийн газраас өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулга УИХ-д орж ирсэн даруйд хамгийн их маргаан дагуулсан зүйл нь лиценз биш, хайгуул биш, харин АМНАТ байлаа.
Энэ бол зүгээр нэг татварын хувь өөрчлөх асуудал биш. Монгол Улс ирэх хэдэн арван жилд стратегийн ордуудаасаа хэдэн их наяд төгрөгийн өгөөж хүртэх вэ гэсэн асуудал юм.
Уул уурхайн компаниуд ашиг олсон учраас биш, Монголын ард түмний өмч болсон ашигт малтмалыг олборлосныхоо төлөө АМНАТ буюу ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлдөг. Өөрөөр хэлбэл АМНАТ нь компанийн ашиг, алдагдлаас үл хамааран байгалийн баялгийн үнэлгээнд үндэслэн төлөгддөг төлбөр.
Ийм учраас дэлхийн уул уурхайн томоохон орнууд түүхий эдийн үнэ өсөх үед АМНАТ, роялти болон уул уурхайн тусгай татвараар дамжуулан илүү их өгөөж төвлөрүүлдэг.
Хуулийн төслийн анхны хувилбарт зэсийн баяжмалын АМНАТ-ийн шатлал, тооцох аргачлалд өөрчлөлт оруулахаар тусгасан. Энэ өөрчлөлт нь хамгийн их олборлолт хийдэг компаниудад хамгийн том санхүүгийн үр нөлөө үзүүлэх бүтэцтэй.
Энэ талаарх “Хөрөнгө оруулагчдад таалагдах гэж АМНАТ-аа бууруулах нь хэний захиалга вэ сайд аа!!!” нийтлэлийг уншаарай.
– Оюу толгой болон Онтре-д энэ заалт ямар хамаатай вэ? –
Монголд ийм хэмжээний олборлолт хийдэг компани бараг ганцхан бий.
Тэр нь Оюу толгой.
Оюу толгойн гүний уурхайн үйлдвэрлэл бүрэн хүчин чадалдаа хүрэхэд жилд 500 мянга орчим тонн зэс үйлдвэрлэх зорилттой. Энэ нь дэлхийн томоохон зэсийн уурхайнуудын нэг болох хэмжээнд хүргэнэ. Ийм хэмжээний олборлолттой компанид АМНАТ-ын ердөө нэг хувийн өөрчлөлт хүртэл жилдээ хэдэн зуун сая ам.долларын мөнгөн урсгалын ялгаа авчрах боломжтой. Тиймээс энэхүү өөрчлөлт зөвхөн нэг компанийн асуудал биш, улсын төсвийн асуудал юм.
Канадын Онтре ресурс /Entrée Resources/ компани нь Оюу толгойн уурхайн лицензийн тодорхой хэсэгт хамтарсан эрх эзэмшдэг. Оюу толгойн олборлолтын хэмжээ өсөх тусам Онтрегийн хөрөнгийн үнэлгээ, ногдол ашиг, ирээдүйн мөнгөн урсгал нэмэгдэх боломжтой. Иймээс АМНАТ-ийн аливаа өөрчлөлт зөвхөн Оюу толгой бус түүнтэй эдийн засгийн хувьд холбоотой компаниудад ч нөлөөлөх нь тодорхой.
“Г.Дамдиннямын” гэх өмнөтгөлтэй энэ Ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлд байгаа АМНАТ-ийн өөрчлөлт олон нийтийн дунд шүүмжлэл дагуулж, цахим орчинд хэлэлцүүлэг өрнөсөн тул УИХ дахь МАН-ын бүлгийн зүгээс хуулийн төсөлд байгаа АМНАТ-тай холбоотой заалтыг хэлэлцэхгүйгээр шийдсэн.



Гэхдээ УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийхээр оруулжээ. Хэрвээ хуулийн төслөөс АМНАТ-тай холбоотой заалтыг авахгүйгээр батлагдвал Г.Дамдиням сайд, цаашлаад Н.Учралын Засгийн газар “Хуулийн хулгай” хийж, АМНАТ-аа Рио тинто-д найр тавьж хэлэлцээ хийсэн нь үнэн болж таарна.




– Дэлхий ямар бодлого барьж байна вэ? –
Өнөөдөр дэлхий дахинд эрчим хүчний шилжилт өрнөж, цахилгаан автомашин, хиймэл оюун ухааны дата төвүүд, сэргээгдэх эрчим хүчний тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл өсөн нэмэгдэж байгаа нь зэсийн эрэлтийг урьд өмнө байгаагүй хэмжээнд хүргэж байна. Үүний үр дүнд олон улсын зах зээл дээр зэсийн үнэ сүүлийн жилүүдэд өндөр түвшинд хадгалагдаж байгаа. Ийм үед уул уурхайн орнуудын ихэнх нь татвараа бууруулах биш, харин байгалийн баялгийн өгөөжөө хамгаалах бодлого баримталж байна.
АМНАТ буюу ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг бууруулах нь хөрөнгө оруулалт татах цорын ганц арга биш гэдгийг дэлхийн томоохон уул уурхайн орнуудын туршлага харуулдаг. Харин ч түүхий эдийн үнэ өсөх үед байгалийн баялгийн өгөөжийг төр, иргэддээ илүү хүртээх бодлого давамгайлдаг.
Чили: Зэсийн супер ашигт илүү өндөр татвар
Чили бол дэлхийн хамгийн том зэс үйлдвэрлэгч. Зэс нь тус улсын экспортын тал орчим хувийг бүрдүүлдэг бөгөөд төр нь уул уурхайн орлогоос хамгийн өндөр өгөөж авах тогтолцоог бүрдүүлжээ.
2023 оноос Чили уул уурхайн татварын шинэчлэл хийж, олборлолтын хэмжээ болон компанийн ашиг өндөр байх тусам өсөн нэмэгдэх шаталсан роялти, ашигт суурилсан татварын тогтолцоог хэрэгжүүлж эхэлсэн.
Өөрөөр хэлбэл, зэсийн үнэ өсөх тусам төрийн хүртэх орлого ч дагаж өсдөг. Энэ нь байгалийн баялаг нь бүх ард иргэдийн өмч гэсэн зарчмыг эдийн засгийн бодлогод хэрэгжүүлсэн хэлбэр юм.
Перу: Хөрөнгө оруулалт ба төрийн өгөөжийн тэнцвэр
Перу бол дэлхийн хоёр дахь том зэс үйлдвэрлэгчдийн нэг.
Перу роялти, уул уурхайн тусгай татвар болон ашигт суурилсан нэмэлт төлбөрийг зэрэг ашигладаг. Компанийн ашиг өсөх тусам төлөх татвар нь мөн нэмэгддэг бөгөөд уул уурхайн бүс нутгуудад төвлөрөх орлогын тодорхой хувийг орон нутагт хуваарилдаг.
Өөрөөр хэлбэл, хөрөнгө оруулагчдыг дэмжихийн зэрэгцээ үндэсний баялгийн өгөөжийг хамгаалах хоёр зорилгыг зэрэг баримталдаг.
Австрали: Тогтвортой дүрэм хамгийн чухал
Австрали уул уурхайн хамгийн тогтвортой эрх зүйн орчинтой орны нэг гэж тооцогддог.
Тэнд ашигт малтмалын роялти нь муж бүрээр ялгаатай боловч ихэнхдээ борлуулалтын үнэд суурилсан хувь хэмжээгээр тооцогддог. Үүнээс гадна компаниуд өндөр орлоготой үедээ аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг бүрэн төлдөг.
Австралийн туршлагаас харахад хөрөнгө оруулагчид зөвхөн бага татвар хүсдэггүй. Харин урт хугацаанд өөрчлөгдөхгүй, ойлгомжтой, тогтвортой эрх зүйн орчныг илүү үнэлдэг.
Харин Монгол Улс…
Бид дэлхийн хамгийн ирээдүйтэй зэсийн ордуудын нэг болох Оюу толгойг эзэмшдэг атлаа байгалийн баялгийн өгөөжөө хэрхэн хүртэх талаар өнөөдөр хүртэл нэгдсэн бодлогоо бүрэн төлөвшүүлж чадаагүй байна.
Асуудал гол нь АМНАТ өндөр эсвэл бага байх тухай биш. Харин дэлхийн зэсийн үнэ түүхэн өндөр түвшинд байгаа энэ үед бид стратегийн баялгаасаа хамгийн өндөр өгөөж хүртэх үү, эсвэл богино хугацааны хөрөнгө оруулалтын зорилгоор төрийн орлогын тодорхой хэсгээс татгалзах уу гэдэг бодлогын сонголт юм.









