
Монголын эдийн засгийн хамгийн том төсөл болох Оюутолгойн үр өгөөжийг нэмэгдүүлэх асуудал дахин олны анхаарлын төвд байна. Монгол Улсын Засгийн газар болон Рио Тинто группийн хооронд олон сарын турш үргэлжилсэн хэлэлцээний үр дүнд хувь нийлүүлэгчийн зээлийн хүүг 10.5 хувиас 7.9 хувь болгон бууруулах тохиролцоонд хүрсэн талаар албан ёсоор мэдээлсэн. Мөн гурван жил тутамд зээлийн нөхцөлийг эргэн харж, дахин хэлэлцэх механизмыг тусгасан нь өмнөх тогтолцооноос томоохон өөрчлөлт гэж үзэж буй.
Засгийн газрын зүгээс энэхүү тохиролцооны үр дүнд ирээдүйд төлөх байсан 6.2 тэрбум ам.долларын зардлыг хэмнэх боломж бүрдсэн гэж тайлбарлаж байгаа бол зарим эдийн засагчид зөвхөн хүүгийн хувь буурснаар асуудал бүрэн шийдэгдэхгүй, урт хугацааны ханшийн эрсдэл болон гэрээний үндсэн бүтэц хэвээр байгаа нөхцөлд үр өгөөжийг илүү нухацтай тооцох шаардлагатай гэж үзэж байна.
Энэ талаар эдийн засагч Б.Лакшмитай ярилцлаа.
Рио Тинто талтай хийсэн зээлийн хүүг бууруулах хэлэлцээрийг эдийн засагчийн өнцгөөс харахад хэр ашигтай хэлцэл болсон гэж та үзэж байна вэ?
-Зээлийн хүүг бууруулсан нь өөрөө буруу шийдвэр биш. Харин ч олон жил яригдсан асуудалд тодорхой ахиц гарсан гэж харж болно. Гэхдээ бид аливаа хэлэлцээрийг зөвхөн нэг үзүүлэлтээр нь дүгнэж болохгүй. Өмнөх Засгийн газрууд ч мөн адил Оюутолгойн зээлийн нөхцөлийг сайжруулах талаар ярьж ирсэн. Гэвч ихэнх тохиолдолд асуудлын уг шалтгаан, урт хугацааны эрсдэлийг бүрэн тооцож чадалгүйгэж би боддог.
Нэг асуудал нь бид энэхүү томоохон хөрөнгө оруулалтын гэрээг бүхэлдээ гадаад валютад тулгуурласан бүтэцтэй байгуулсан явдал. Төсөл Монгол Улсын нутаг дэвсгэр дээр хэрэгжиж байгаа боловч санхүүгийн бүх гол тооцоолол ам.доллараар явагдаж байна. Монгол Улсын эдийн засаг, төсөв, иргэдийн орлого төгрөгөөр хэмжигддэг атлаа өр төлбөрийн гол дарамт нь ам.доллараар тооцогдож байгаа нь урт хугацаанд томоохон эрсдэл дагуулдаг.
Өөрөөр хэлбэл, өнөөдөр хүүгийн хувь хэдэн нэгжээр буурсан ч валютын ханшийн өөрчлөлтөөс шалтгаалсан зардал илүү өндөр дүнгээр нэмэгдэх боломжтой. Тиймээс зөвхөн “хүү буурлаа” гэж баярлахаас илүүтэй нийт санхүүгийн ачаалал хэрхэн өөрчлөгдөж байгаа вэ гэдгийг иж бүрэн тооцох шаардлагатай.
Ерөнхий сайд Н.Учрал “Зээлийн хүүг бууруулснаар Оюутолгойн баялгаас өр зээлд төлөх байсан 6.2 тэрбум ам.доллар буюу 22 их наяд төгрөгийг хэмнэж чадлаа” гэж мэдэгдсэн. Энэ тооцоо бодит амьдрал дээр хэр хэрэгжих боломжтой вэ?
– Ийм төрлийн тооцооллыг хийхдээ ирээдүйн олон нөхцөлийг урьдчилан таамаглаж гаргадаг. Онолын хувьд хүү буурснаар төлөх нийт зардал багасна гэдэг үнэн. Гэхдээ бодит амьдрал дээр үр дүн нь зөвхөн хүүгийн хэмжээнээс хамаардаггүй.
Бид нэг зүйлийг мартаж болохгүй. Монгол Улсын эдийн засаг валютын ханшийн савлагаанд маш мэдрэмтгий байдаг. Хэдхэн жилийн өмнө ам.долларын ханш 1500 төгрөг орчим байсан. Өнөөдөр 3500 төгрөг давсан байна. Энэ бол асар том өөрчлөлт. Хэрэв цаашид ханш дахин өсвөл хүүгээс хэмнэсэн мөнгөний тодорхой хэсгийг ханшийн зөрүүнээс үүссэн нэмэлт зардал нөхөж мэднэ.
Тиймээс “6.2 тэрбум ам.доллар хэмнэнэ” гэдэг нь тодорхой нөхцөл, төсөөлөл дээр суурилсан тооцоо болохоос биш шууд бодит мөнгө хадгалж үлдэнэ гэсэн үг биш. Бид үр өгөөжийг 3-4 жилийн улс төрийн мөчлөгөөр бус 10, 20, бүр 30 жилийн хугацаанд харах хэрэгтэй. Оюутолгой шиг төсөл нэг Засгийн газрын настай тэнцэхгүй. Тийм учраас шийдвэр гаргагчид ч мөн адил урт хугацааны сэтгэлгээгээр асуудалд хандах шаардлагатай.
Мөн хүү буурсан ч үндсэн өрийн хэмжээ өндөр хэвээр байгаа. Өр их байх тусам төлөх хүүгийн нийт дүн мөн өндөр үлдэнэ. Иймээс бид зөвхөн хүүгийн хувийг бус нийт өрийн бүтэц, эргэн төлөлтийн механизмыг хамтад нь авч үзэх ёстой.
Тэгвэл дараагийн шатанд Засгийн газар ямар “гэрийн даалгавар” хийх шаардлагатай гэж та харж байна вэ?
– Миний бодлоор хамгийн чухал асуудал бол урт хугацааны санхүүгийн стратеги юм. Зээлтэй хүн удаан хугацаанд амьдрах тусам орлогынхоо тодорхой хэсгийг үргэлж хүүд төлж байдаг. Улс орны хувьд ч ялгаагүй. Өрийн дарамт өндөр байх тусам төсөл үр ашигтай ажилласан ч бодит өгөөж нь эзэндээ хүрэх хугацаа хойшилдог.
Оюутолгойн хувьд ч ийм эрсдэл бий. Төсөл ашигтай ажиллаж, олборлолт нэмэгдэж байсан ч хувь нийлүүлэгчийн зээлийн дарамтаас болж Монголын тал ногдол ашиг авах хугацаа удааширч болзошгүй хэвээр байна. Тиймээс цаашид зөвхөн хүү бууруулах бус өрийн бүтцийг өөрчлөх, ханшийн эрсдэлийг бууруулах, санхүүгийн урсгалын ил тод байдлыг сайжруулах зэрэг асуудалд анхаарах хэрэгтэй.
Мөн бид аливаа хэлэлцээрийг дан ганц алдагдал багасгах өнцгөөс бус ашиг бий болгох систем болгон харах шаардлагатай. Өөрөөр хэлбэл, Монгол Улс энэ төслөөс хэрхэн илүү хурдан, илүү тогтвортой өгөөж хүртэх вэ гэдэгт бодлогоо чиглүүлэх ёстой.
Хэрэв бид зөвхөн өнөөдрийн улс төрийн оноо авах хэмжээнд асуудлыг харвал хэдэн жилийн дараа дахин ижил асуудалтай нүүр тулна. Харин урт хугацааны хөгжлийн бодлогоор харж чадвал өнөөдрийн хэлэлцээр дараагийн томоохон өөрчлөлтийн эхлэл болох боломжтой.
Тиймээс цаашид зөвхөн зээлийн хүүгийн хувь хэмжээгээр бус нийт өрийн бүтэц, валютын эрсдэл, ногдол ашиг хүртэх хугацаа, Монгол Улсад үлдэх эдийн засгийн өгөөжийн хэмжээг хамтад нь тооцож байж Оюутолгойн гэрээний үр дүнг бодитой үнэлэх шаардлагатай байна. Хүү буурсан нь боломж нээж өгсөн ч тэр боломжийг бодит ашиг болгох эсэх нь дараагийн хэлэлцээ, бодлогын шийдвэрүүдээс шалтгаалах юм.









