
Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж АТГ-ын гадна сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Түүнийг АТГ-аас мэдүүлэг авахаар дууджээ.
Тэрбээр “Намайг Ерөнхийлөгч байхад сүүлийн хоёр жил нь Авлигатай тэмцэх газар тодорхой асуудлуудаар асууж, тодруулж ажилласан. Мөн Ерөнхийлөгчийн ажлаа өгсний дараа таван жил шалгасан. Ингээд нийт долоон жил шалгасны эцэст “Хууль зөрчсөн зүйлгүй байна. Хэрэг тогтоогдохгүй байна” гээд хүчингүй болгосон. Түүний дараа хилийн хориг тавьсан шүүхийн шийдвэрийг шүүх хуралдаж хүчингүй болгосон. Иймээс “Олон улсын үйл ажиллагаа, өөрийнхөө хийх ажилд оролцоод явж болно” гээд явсан. Хүмүүс хэрэг үйлдээд гарч явчхаад буцаж ирлээ гэж ойлгоод байх шиг байна.
Намайг долоон жил хангалттай шалгасан. Одоогоор би 10 гаруй олон улсын байгууллагад ажилладаг. Хамгийн нээлттэй монгол хүмүүсийн нэг бол би. Хаана, юу хийж явж байгаагаа үргэлж ярьдаг. Намайг 2023 оны есдүгээр сараас хойш шалгаад бараг гурван жил болох гэж байна. 2024 оны сонгуулийн өмнөхөн миний нэрийг ашиглаж, муухай гүтгэлгүүд явсан байдаг.
Шүүгч рүү зохиомол хэрэг өгч, олон улсын эрэн сурвалжлах интерпол руу миний нэрийг явуулсан. Жил гаруй шалгасны эцэст энэ бол улс төрийн шалтгаантай юм байна гээд хүчингүй болгосон байдаг. Надад ямар нэг хууль зөрчсөн зүйл байхгүй.
Уг нь би СОР17 хуралд оролцох урилгатай байгаа. АТГ-аас өнөөдөр ирээд мэдүүлэг өгөөч гэж дуудсан учраас өгөх гээд хүрээд ирлээ. Ямар асуудлаар тайлбар авахыг нь мэдэхгүй байна. Өмнө нь надад хамруулан шалгаж байсан авлига, албан тушаалын хэрэг “Тогтоогдохгүй байна, хууль зөрчсөн зүйл алга” гээд хэрэгсэхгүй болсон.Юу ч гэсэн мэдүүлгээ өгөх гээд хүрээд ирлээ” гэв.
Г.Хэрлэн









