
Өнгөрсөн долоо хоногт Instagram нийгмийн сүлжээгээр дамжуулан хуримаа хийснээ зарласан Португалын хөлбөмбөгийн шигшээ багийн ахлагч Кристиано Роналдо, түүний гэргий Жоржина Родригез нарын хуримын зургууд Vogue сэтгүүлд нийтлэгджээ.
Instagram нийгмийн сүлжээнд хамгийн олон дагагчтай К.Роналдо, түүний гэргий Ж.Родригез нар энэ сард хуримаа хийнэ гэсэн мэдээ мэдээлэл гарснаас хойш олон нийт алдарт хосын хурим хаана, хэзээ, ямар хэв маягтай болох, хуримд нь хэр олон зочин уригдах талаар олон янзын таамаг дэвшүүлж эхэлсэн билээ.
Тэгвэл К.Роналдо, Ж.Родригез нар сүр дуулиантай, нижгэр хуримаас татгалзаж, хуримаа Португалын Кашкайш хот дахь гэрийнхээ зочны өрөөнд маш даруухан, зөвхөн цөөн тооны дотнын хүмүүсийнхээ хүрээлэлд хийжээ.
Хурим энэ сарын 11-ны 13:30 цагт буюу алдарт хөлбөмбөгчин гэргийтэйгээ Мадрид дахь Gucci брэндийн дэлгүүрт анх танилцсаны 10 жилийн ойн өдөр болсон байна.
Хуримд хосын таван хүүхдээс гадна К.Роналдогийн багийн найз Мигел Паишан, Ж.Родригезийн эгч Ивана Родригез, гэр бүлийн найзууд болох Хосе Родригез Санхиль, Моника Гонсалез Мартинез нар гэрчээр оролцжээ.
Сүйт залуу, сүйт бүсгүй хоёр хуримын өдрөө Gucci брэндийн хослолоор гоёсон байсан ба хуримын ёслолын дараа шинэхэн гэрлэсэн хос сүмд очиж, адис хүртжээ.
Португалын өдөр тутмын Jornal de Notícias сонинд бичсэнээр К.Роналдо, Ж.Родригез нар хуримын ёслолынхоо өмнөх өдөр Лиссабон дахь нотариатын газарт гэрлэлтийн гэрээнд гарын үсгээ зурцгаасан ба уг гэрээнд салсан тохиолдолд хамтран өмчлөх дундын өмч гэж байхгүй, талууд гэрлэлтийн өмнө болон гэрлэлтийн явцад цуглуулсан өөр өөрсдийн өмчөө л авна гэж заажээ. Түүнээс гадна К.Роналдо, Ж.Родригез нар одоогийн овгоо хадгалж үлдэж байгаа ба гэрлэлтийн гэрчилгээ дээрх оршин суугаа хаягаа Саудын Арабын Эр-Рияд хот гэж заажээ.










