
ХЗДХ-ын сайд С.Амарсайханы байгуулсан “Хуурамч хаяг, хортой мэдээлэлтэй тэмцэх” ажлын хэсэг 400 мянган хуурамч хаягтай тэмцэнэ гэдгээ мэдэгдсэн. Гэвч цахим орчныг зохицуулах төрийн бодлого нь иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх эрхэд халдахгүй байх баталгааг хэрхэн хангах вэ? Мөн дэлхийн улс орнуудын туршлагаас Монгол Улс юуг анхаарах ёстой вэ? Энэ талаар судлаач, NTV телевизийн медиа хөгжлийн газрын захирал Ж.Өнөмөнхийн байр суурийг хүргэж байна.
ХЗДХ-ын сайдын байгуулсан “Хуурамч хаяг, хортой мэдээлэлтэй тэмцэх” ажлын хэсгийг судлаачийн хувьд та хэрхэн харж байна вэ?
- Хуурамч хаяг, хортой мэдээлэлтэй тэмцэх шаардлага байгаа гэдэгтэй маргахгүй. Дэлхий даяар улс орнууд энэ асуудалтай нүүр тулж байна. Гэхдээ өнөөдрийн байдлаар хуурамч хаяг, худал мэдээлэлтэй тэмцээд асуудлыг бүрэн шийдчихсэн улс орон гэж байхгүй.
Монгол Улсад 400 мянган хуурамч хаяг байна, эдгээртэй тэмцэнэ гэсэн агуулга яригдаж байгаа. Гэхдээ хамгийн түрүүнд “хуурамч хаяг” гэж яг юуг хэлж байгаа вэ, ямар шалгуураар тогтоох вэ, хэн тогтоох вэ гэдэг нь тодорхой байх ёстой.
Учир нь нэрээ нууцалсан хаяг болгон хуурамч хаяг биш. Зарим хүн аюулгүй байдлынхаа үүднээс нэрээ нууцалж болно. Зарим нь улс төр, нийгмийн асуудлаар үзэл бодлоо илэрхийлэхдээ өөр нэр ашиглаж болно. Тиймээс хуурамч хаягтай тэмцэх нэрийн дор иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хязгаарлах эрсдэл үүсэхээс хамгийн их болгоомжлох хэрэгтэй.
Тэгвэл таны харж байгаагаар энэ ажлын хэсгийн хамгийн том асуудал нь юу вэ?
- Нэгдүгээрт, ажлын хэсэгт яг ямар хүмүүс ажиллаж байгаа нь олон нийтэд нээлттэй, тодорхой биш байна. Үнэхээр хэвлэл мэдээллийн салбарын мэргэжилтнүүд, хүний эрхийн чиглэлээр ажилладаг хүмүүс, технологийн болон цахим орчны судлаачид орж байгаа эсэх нь тодорхой байх хэрэгтэй.
Хоёрдугаарт, зорилго нь хэт өргөн хүрээтэй харагдаж байна. Цахим залилан, зар сурталчилгаа, хуурамч хаяг, хортой мэдээлэл, худал мэдээлэл гээд маш олон өөр асуудлыг нэг дор зохицуулах тухай ярьж байна.Тэгэхээр энэ ажлын хэсэг яг ямар эрхтэй байх вэ, ямар мэдээлэлд хандах вэ, ямар тохиолдолд хаягийг хязгаарлах вэ, шийдвэрийг нь хэн хянах вэ гэдэг нь маш чухал.
С.Амарсайхан өөрөө хэвлэлийн эрх чөлөө болон иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх эрхэд халдахгүй гэдгээ удаа дараа хэлж байгаа. Гэхдээ асуудал нь зөвхөн өнөөдрийн сайдад биш. Амарсайханы дараа энэ ажлын хэсгийг өөр сайд удирдана. Тэр хүн энэ эрх мэдлийг хаашаа эргүүлж, яаж ашиглахыг бид өнөөдөр мэдэхгүй.
Та улс төрийн зорилгоор ашиглагдах эрсдэл байна гэж харж байна уу?
- Яг үүнийг л хамгийн их анхаарах ёстой.
Хичнээн “хэвлэлийн эрх чөлөөнд халдахгүй” гэж өнөөдөр хэлсэн ч ирээдүйд улс төрчид өөрсдийгөө шүүмжилж байгаа иргэний цахим хаягийг “хуурамч хаяг” гэж тодорхойлох, эсвэл тухайн мэдээллийг “хортой мэдээлэл”гэсэн үндэслэлээр шүүх эрсдэлийг хэн ч үгүйсгэхгүй.
Нэг ёсондоо улс төрчдийг шүүмжилсэн агуулгыг төр өөрөө шүүн тунгаадаг систем рүү орвол маш аюултай. Төр цахим орчныг цэвэрлэх нэрээр иргэдийн үзэл бодлыг цэвэрлэдэг байж болохгүй. Тиймээс энд хамгийн чухал зүйл нь “юуг устгах вэ?” гэдгээс илүү “хэн устгах вэ, ямар шалгуураар устгах вэ, тэр шийдвэрийг хэн хянах вэ?” гэдэг асуудал.
Засгийн газрын зүгээс сүүлийн үед цахим орчинд чиглэсэн бодлого нэлээд эрчимжиж байгаа гэж та харж байна уу?
- Тийм. Үйл явдлыг дарааллаар нь харвал сүүлийн үед Засгийн газрын зүгээс цахим орчныг зохицуулах чиглэлд нэлээд анхаарал хандуулж байна.
Одоогийн Ерөнхий сайд Н.Учрал гишүүн байхдаа цахим орчныг зохицуулах хуулийн төслийг яаралтай горимоор УИХ-д өргөн барьж, хэлэлцүүлж байсан. Тухайн үед иргэдийн зүгээс нэлээд хүчтэй эсэргүүцэл гарч, хууль дэмжигдээгүй. Одоо дахин хуурамч хаяг, хортой мэдээлэлтэй тэмцэх, хүүхдийн сошиал хэрэглээг хязгаарлах гэх мэт асуудлууд гарч ирж байна. Тиймээс сонгууль дөхөхийн хэрээр улс төрчид цахим орчныг өөрсдөдөө илүү “тухтай” орчин болгох гэж байна уу гэсэн хардлага төрөх нь аргагүй.
Би үүнийг шууд тийм зорилготой гэж хэлэхгүй. Гэхдээ ийм эрсдэл бий учраас бодлого боловсруулахдаа хамгийн түрүүнд үүнийг хаах ёстой.
Засгийн газрын зорилтод хэвлэл мэдээллийн боловсролыг хөгжүүлэх тухай мөн дурдсан байдаг. Энэ нь шийдэл болж чадах уу?
- Харин ч миний хувьд хамгийн зөв гарц нь энэ.
Гэхдээ “хэвлэл мэдээллийн боловсролыг хөгжүүлнэ” гэж нэг өгүүлбэр бичихээс илүү яаж хөгжүүлэх вэ, хэн хэрэгжүүлэх вэ, ямар хөтөлбөрөөр хэрэгжүүлэх вэ гэдэг нь чухал.
Энд Финландын туршлагыг харах хэрэгтэй. Финландад медиа болон мэдээллийн боловсролыг зөвхөн нэг байгууллагын ажил гэж харахгүй, боловсролын тогтолцоонд бага наснаас нь эхлээд системтэй суулгасан байдаг. Сурагчдад мэдээллийн эх сурвалжийг шалгах, худал болон төөрөгдүүлсэн мэдээллийг ялгах, цахим орчинд мэдээлэл хэрхэн нөлөөлдөгийг ойлгох чадварыг хөгжүүлдэг. Өөрөөр хэлбэл, хуурамч мэдээллийг устгахын оронд хуурамч мэдээллийг таньдаг иргэдийг олноор бий болгох урт хугацааны бодлого хэрэгтэй.
Харин 16 хүртэлх насны хүүхдүүдийг Facebook ашиглуулахгүй байх асуудлыг та хэрхэн харж байна вэ?
- Энэ бас олон улсын туршлагаас суралцах ёстой асуудал.
Австрали 16-аас доош насныхны сошиал хэрэглээг хязгаарласан дэлхийн анхны томоохон зохицуулалтуудын нэгийг хэрэгжүүлсэн. Гэхдээ 2026 оны мэдээллээр хууль хэрэгжиж эхэлснээс хойш зургаан сарын дараа ч олон хүүхэд сошиал платформ ашигласаар байгаа талаар судалгаа, мэдээлэл гарсан. Нэг судалгаанд оролцсон эцэг эхчүүдийн 70 хувь нь хүүхэд нь идэвхтэй сошиал хаягтай хэвээр гэж хариулсан байна.
Тэгэхээр зөвхөн хориг тавьснаар асуудал шийдэгдэхгүй гэдгийг энэ туршлага харуулж байна. Хүүхэд VPN ашиглаад орох, насны баталгаажуулалтыг тойрох, өөр хүний мэдээлэл ашиглах гэх мэт арга зам хайна. Технологийн хязгаарлалтыг технологиор тойрох боломж үргэлж бий.
Австралийн туршлагаас харахад насны хязгаарлалт өөрөө муу санаа биш. Харин хэрэгжүүлэх механизм, хяналт, хүүхдийн эрх, хувийн нууц, технологийн тойрч гарах боломж зэрэг олон асуудлыг хамтад нь шийдэх шаардлагатай нь харагдаж байна.
Тэгвэл Монгол Улс ямар замыг сонгох ёстой гэж та үзэж байна вэ?
- Миний бодлоор “хаах, устгах, хориглох” гэдэг гурван үгээр цахим орчны бодлогыг тодорхойлж болохгүй.
Бидэнд цахим залилангаас хамгаалах бодлого хэрэгтэй. Хүүхдийг хамгаалах бодлого хэрэгтэй. Худал мэдээлэлтэй тэмцэх хэрэгтэй. Хуурамч хаяг, зохион байгуулалттай мэдээллийн нөлөөллийг судлах хэрэгтэй. Гэхдээ үүний зэрэгцээ хэвлэлийн эрх чөлөө, үзэл бодлоо илэрхийлэх эрх, хүний хувийн нууц, нэрээ нууцлах эрх зэрэг суурь эрхүүдээ хамгаалах ёстой.
Финландын туршлагаас харвал цахим орчны асуудлыг зөвхөн цагдаа, хууль, хоригийн асуудал гэж хараагүй. Медиа боловсролыг боловсролын бүх шатанд хөгжүүлж, иргэдийг мэдээллийг өөрсдөө шүүн тунгаах чадвартай болгоход анхаардаг.
Тэгэхээр сошиал орчныг богино хугацаанд “эрүүлжүүлэх” боломжгүй гэж үү?
- Өнөө маргаашийн дотор өргөс авчихсан мэт сошиал эрүүлжихгүй.
Гэхдээ урт хугацаандаа цахим орчинд эрүүлээр оролцдог, мэдээллийг шүүн тунгаадаг, эх сурвалжаа шалгадаг, бусдын үзэл бодлыг хүндэтгэдэг иргэдийг бий болгох бүрэн боломжтой. Тэрний тулд төр өөрөө юуны өмнө иргэдэд юу үзэхийг заадаг биш, юу үзсэнээ хэрхэн ойлгохыг нь заадагбодлого руу шилжих хэрэгтэй.
Эцсийн дүндээ цахим орчныг төр “цэвэрлэж” өгөх биш, иргэд өөрсдөө хуурамчийг нь ялгадаг нийгэм бий болгох нь хамгийн тогтвортой шийдэл. Тиймээс бид “400 мянган хуурамч хаягийг яаж устгах вэ?” гэдгээс гадна “400 мянган хуурамч хаяг байсан ч түүнд хууртахгүй 4 сая иргэнийг яаж бий болгох вэ?” гэж асуух ёстой.









