
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17) энэ өдрүүдэд буюу 2026 оны наймдугаар сарын 17-28-нд Улаанбаатар хотноо болж байна. Монгол Улс тус хурлыг зохион байгуулах эрхийг авч, дэлхийн улс орнуудыг цөлжилт, газрын доройтол, ган, бэлчээрийн менежмент, усны нөөц зэрэг асуудалд анхаарлаа хандуулахад нэгтгэж байна.
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ энэ талаар хэлэхдээ, Монгол Улс COP17-ыг зохион байгуулж байгаа нь Монгол Улс гэлтгүй дэлхий нийтийн анхаарлыг байгаль орчны тулгамдсан асуудлуудад хандуулж буй чухал үйл явдал гэдгийг онцолсон юм. Мөн Төв Азийн цээжинд орших Монгол Улсыг сонгосон нь цэнгэг усны нөөц, түүнийг хамгаалах асуудлыг олон улсын түвшинд хөндөх чухал ач холбогдолтой гэж үзэж байна.
Монгол Улс цөлжилт, газрын доройтол болон уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөг хүчтэй мэдэрч буй орнуудын нэг юм. НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын мэдээллээр Монголын нийт газар нутгийн 77 орчим хувь нь тодорхой хэмжээнд доройтолд орсон байна. COP17-ын хүрээнд ч бэлчээр, ус, гангийн тэсвэржилт, газрын нөхөн сэргээлт зэрэг асуудлыг гол сэдвүүдийн нэг болгон хэлэлцэж байна.
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ өөрийн ажиглалтад тулгуурлан Монгол орны уур амьсгалын өөрчлөлтийн нөлөө улам тодорхой болж байгааг хэллээ. Тухайлбал, баруун тайгын бүсэд бэлчээрийн доройтол нэмэгдэж, ургамлын бүтэц өөрчлөгдөхийн зэрэгцээ мөнх цас их хэмжээгээр хайлж байгааг онцолсон юм. Уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулаарал эрчимжихийн хэрээр ургамал, хөрсний бүтэц өөрчлөгдөж, улмаар цэнгэг усны нөөц багасах эрсдэл нэмэгдэж байна.
Энэ асуудал нь зөвхөн Монгол Улсын төдийгүй дэлхий нийтийн анхаарлын төвд байна. Өмнө нь НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн конвенцын COP27 2022 онд Египетийн Шарм-эль-Шейх хотод зохион байгуулагдаж, уур амьсгалын өөрчлөлтийн улмаас учирсан хохирол, сүйрлийг нөхөн дэмжих “Loss and Damage” сан байгуулах түүхэн шийдвэр гарсан. Харин НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын COP15 мөн 2022 онд Кот-д’Ивуарын Абиджан хотод болж байсан бол COP16 2024 онд Саудын Арабын Эр-Рияд хотод зохион байгуулагдсан.
Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, газрын доройтол, усны хомсдол зэрэг асуудал хоорондоо нягт холбоотой болж буй энэ үед Монгол Улсад зохион байгуулагдаж буй COP17 нь дэлхийн улс орнуудын анхаарлыг Монгол орны бэлчээр, ус, байгаль экосистемийн онцлогт хандуулахын зэрэгцээ цөлжилттэй тэмцэх, газрыг нөхөн сэргээх, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чиглэлээр хамтын шийдэл эрэлхийлэх чухал талбар болж байна.
Видео үзэх:









