
Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглахдаа байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчимд нийцүүлэн түүний үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх эрх зүйн үндсийг хуулиар тогтооно гэж хуульчилсан. Энэ хүрээнд Засгийн газар уул уурхайн бүтээгдэхүүний борлуулалтыг нэмэгдүүлэх замаар Үндэсний баялгийн санг арвижуулах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж, УИХ-д өргөн бариад байгаа.
Энэ хуулийн төсөлд одоо мөрдөгдөж байгаа хуулиа илүү сайжруулсан нь тодорхой. Гэхдээ сайжрах бус дордох эрсдэлтэй агуулгын нэг бол өсөн нэмэгдэх рояалти буюу ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр /АМНАТ/-ын хувь хэмжээг бууруулж буй нь анхаарал татаж байна.
Салбарын сайд Г.Дамдинням үүнийг тайбарлахдаа,
“АМНАТ тооцох жишиг үнийг Монголын Хөрөнгийн биржийн үнээр тогтоох, зэсийн АМНАТ-ийн өсөн нэмэгдэх төлбөрийг олон улсын жишигт нийцүүлэх, баяжуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээгдэхүүнд ногдох АМНАТ-ийг оновчтой тогтоож, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг эрчимжүүлэх.
Мөн баяжмалд дагалдаж буй элементэд ноогдуулах АМНАТ-ийг олон улсын жишигт нийцүүлэх, ашигт малтмал ашиглах үйл ажиллагаа явагдаж байгаа аймаг, орон нутагт АМНАТ-ийг илүү хуваарилах зэрэг өөрчлөлт оруулсан” гэв.
Харин Ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр зохицуулахаар тусгасан харилцааны агуулга, зохицуулалтыг харвал:
Ашигт малтмалын тухай хуульд заасан нөөц ашигласны төлбөрийг Монгол Улсын Үндсэн хуулийн Зургадугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт заасан “төрийн нийтийн өмч болох газрын хэвлийн баялаг ашигласны төлбөр” гэж заасантай уялдуулах өөрчлөлтийг тусгажээ.
Мөн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг бүрдүүлж байгаа хувь хэмжээнээс нь хамаарч тухайн орон нутагт нь илүү хуваарилах зорилгоор Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар тусгасан.
Тухайлбал, орон нутагт уул уурхайн үйл ажиллагааг дэмжих, Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийг үр дүнд үндэслэн, уул уурхайн олборлолт хийгдэж байгаа аймаг, сумдад түлхүү хуваарилах бодлогыг баримталж, Төсвийн тухай хуулийн 59.7-д заасан ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөс төвлөрсөн орлогыг орон нутагт дахин хуваарилдаг хувь, хэмжээг нэмэгдүүлэх болон ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөс орон нутгийн хөгжлийн санд хуваарилдаг хувь хэмжээг нэмэгдүүлэх зохицуулалт оруулжээ.
Түүнчлэн, Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.5 дахь хэсэгт заасан “зэс”-ийн ашигт малтмалын боловсруулалтын түвшнээс хамаарч үндсэн хувь дээр нэмж ногдуулах ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувь, хэмжээг хэт өндрөөр тогтоосон нь Монгол Улсад шинээр зэсийн ордыг ашиглалтад оруулах нөхцөлийг бууруулж байна гэж үзжээ.
Одоо мөрдөгдөж байгаа Ашигт малтмалын тухай хуульд “зэс”-ийн ашигт малтмалын боловсруулалтын түвшнээс хамаарч үндсэн хувь дээр нэмж ногдуулах ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувь, хэмжээ нь зах зээлийн үнийн өсөлтөөс хамаарч
- хүдэрт 0-30 хувь,
- баяжмалд 0-15 хувь,
- бүтээгдэхүүнд 0-5 хувь байхаар заасан байдаг.
Харин Засгийн газраас оруулж ирсэн шинэ хуулийн төсөлд “зэс”-ийн ашигт малтмалын боловсруулалтын түвшнээс хамаарч үндсэн хувь дээр нэмж ногдуулах ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувь, хэмжээ нь зах зээлийн үнийн өсөлтөөс хамаарч
- хүдэрт 0-15 хувь,
- баяжмалд 0-5 хувь,
- бүтээгдэхүүнд 0-2.5 хувиар ногдуулахаар багасган тусгажээ.
Үүнтэй холбоотойгоор зэсийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг оновчтой тогтоохоос гадна төсвийн орлогыг бууруулахгүй байх зорилгоор стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг төрийн өмчит хуулийн этгээд дангаар эрхлэх тохиолдолд Ашигт малтмалын тухай хуулийн 47.5-д заасан “зэс”-ийн зах зээлийн үнийн өсөлт, боловсруулалтын түвшнээс хамаарч үндсэн хувь дээр нэмж ногдуулах ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувийг Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд тодорхойгүй хугацаагаар тогтоож, улсын төсөвт төвлөрүүлэх талаар хуулийн төсөлд тусгасан байгаа нь “төсвийн саалийн үнээ” гэгдэх Эрдэнэт үйлдвэр АМНАТ төлөх хувь хэмжээ шинэ хуулийн төсөлд заасан хэмжээнд хамаарахгүй болох нь тодорхой байна.
Г.Дамдинням сайдын хэлсэн тайлбараар, “Зэсийн АМНАТ-ийн өсөн нэмэгдэх төлбөрийг олон улсын жишигт нийцүүлэх”, “Зэсийн АМНАТ-ийг дэлхийн жишигт хүргэж буулгаснаар Цагаансуварга, Хармагтай зэрэг бэлэн болсон 10 гаруй томоохон төслийг урагшлуулна” гэж тодорхой мэдэгдсэн нь одоо мөрдөж буй шаталсан өсөн нэмэгдэх АМНАТ-ын хэмжээг бууруулах буюу тооцох аргачлалыг хөрөнгө оруулагчдад илүү таатай болгох зорилготой өөрчлөлт гэдгийг илтгэж байна.
Засгийн газрын байр суурь бол, Монгол Улс дэлхийн хөрөнгө оруулалтын өрсөлдөөнд хоцорч байна. Зэсийн үнэ өсөх тусам өсөн нэмэгдэх АМНАТ шатлан нэмэгддэг. Үүний улмаас томоохон төслүүдийн өгөөж буурч, хөрөнгө оруулагчдын сонирхол сулардаг. Ялангуяа дэлхий даяар эрчим хүчний шилжилт, цахилгаан автомашин, дата төвүүдийн өсөлттэй холбоотойгоор зэсийн эрэлт урт хугацаанд өсөх төлөвтэй байгаа үед Монгол Улс шинэ төслүүдээ хөдөлгөж чадахгүй бол боломжоо алдах эрсдэлтэй гэж тайлбарлаж байна.
Цагаансуварга, Хармагтай зэрэг төслүүд олон жилийн турш бэлтгэгдсэн ч өндөр татвар, эрх зүйн тодорхой бус орчин, хөрөнгө оруулалтын эрсдэлийн улмаас бүрэн хэрэгжиж чадаагүй гэж үздэг. Тиймээс АМНАТ-ыг бууруулснаар шинэ уурхайнууд ашиглалтад орж, экспорт нэмэгдэж, ажлын байр бий болж, төсвийн нийт орлого урт хугацаанд өснө гэж найдаж байна.
Харин өсөн нэмэгдэх АМНАТ нь анх байгалийн баялгийн үнийн өсөлтөөс үүссэн нэмэлт ашгийн тодорхой хэсгийг төр, иргэдэд хүртээх зорилготойгоор бий болсон. Өөрөөр хэлбэл компаниуд олборлолтын өртөг нэмэгдээгүй байхад дэлхийн зах зээл дээр үнэ өссөнөөс олсон илүү ашгаас Монгол Улс тодорхой хувь авах зарчим юм. Тиймээс АМНАТ-ыг бууруулна гэдэг нь баялгийн үнэ өндөр байгаа үед улсын төсөвт төвлөрөх орлогыг бууруулж болзошгүй гэсэн болгоомжлол бий.
Ялангуяа Монгол Улс уул уурхайгаас өндөр хамааралтай эдийн засагтай хэвээр байгаа нөхцөлд татварын орлогоо багасгах нь төсвийн эрсдэлийг нэмэгдүүлж магадгүй гэж эдийн засагчид анхааруулдаг. Мөн томоохон төслүүд хөдөлсөн ч үүнээс үүсэх үр өгөөж иргэдэд хэрхэн хүрэх нь тодорхойгүй хэвээр байхад Монгол Улс шинэ хөрөнгө оруулалт татахын тулд баялгийн үр өгөөжөөсөө авах татвараа бууруулж болохгүй.
Тиймээс хамгийн гол асуудал бол бид АМНАТ-ыг бууруулах эсэхдээ бус, харин ямар хэмжээнд, ямар нөхцөлөөр бууруулах вэ гэдгээ тодорхой болгох л шаардлагатай.







