
Монгол Улсын Гавьяат дасгалжуулагч, Хүндийн өргөлтийн шигшээ багийн дасгалжуулагч Ц.Хосбаярыг спортын тамирчдад хориглосон эм, бэлдмэл, тариа зарсан гэх хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр шүүхийн шийдвэрийн нэгдсэн санд байршжээ.
Хэргийг эргэн сануулбал, Гавьяат дасгалжуулагч Ц.Хосбаярыг 2025 оноос Монгол Улсын хилээр Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй эм, бэлдмэл, тариаг хууль бусаар оруулж ирэн спортын тамирчдад зарж борлуулан ашиг олсон гэх хэрэгт холбогдуулан шалгаж байсан бөгөөд 2026 оны тавдугаар сарын 6-ны өдөр Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны шүүхийн шийдвэрээр Гавьяат дасгалжуулагч Ц.Хосбаярыг 5,4 саяар торгож шийдвэрлэсэн байдаг.
Шүүхийн шийдвэрийн нэгдсэн санд байршсан Анхан шатны хялбар ажиллагааны шүүхийн шийдвэрийн гэрчийн мэдүүлгүүдийг хүргэж байна.
Гэрч Г…..: “… Миний бие амжилт гаргахын тулд сонирхож байгаад судалж үзтэл хүмүүс хүндийн өргөлтийн дасгалжуулагч Х гэдэг хүн зардаг гэж сонсож байсан юм. Тэгээд Б…..гэх найзаараа дамжуулан холбогдоод асуутал холбоо барих ….. гэх фейсбүүк хаягтай Казак хүний фейсбүүк, утсыг манай найзад өгсөн. Түүгээр дамжуулан 2024 оны 02 дугаар сарын сүүлээр холбогдож, биедээ тарьж хэрэглэдэг гэх бодисыг 1 ширхгийг аваад өөртөө 7 хоногт 2 удаагаар 0,5 граммаар мөрний булчиндаа тарьж 1 сар гаруй хугацаанд хэрэглээд больсон. Үүнээс хойш дахин хэрэглээгүй байж байгаад Улсын наадамд барилдсаны араа шинжилгээгээр дээрх бодис илэрсэн байна. Миний бие бол дахин ийм зүйл хэрэглэхгүй ээ, алдаа дутагдлаа ухамсарлаж соён гэгээрүүлэх сургалт семинарыг Допингийн төвтэй хамтран явуулж байгаа…” гэх мэдүүлэг (1хх-ийн 17-18);
Гэрч Н…..: “… Тэгээд миний мэдэхээр дасгалжуулагч ******* нь надаас парпонат гэх нэртэй жижиг улаан савтай эмийг нэг ширхгийг 140,000 төгрөгөөр тооцоод 3 ширхгийг авч, мөнгөө нь миний …. тоот Хаан банкны дансанд шилжүүлж авсан юм. Би тухайн мөнгийг Казахстан Улсад байгаа Э…… руу шилжүүлэхээр …. гэх нэртэй Э…. ахын данс руу шилжүүлсэн юм. Өмыртай нь одоо Казахстан Улсад байгаа юм. Миний хувьд эмүүдийг тогтмол *******, Д.Чинзориг гэх хоёр хүнд л бол аваачиж өгөөд, мөнгийг тэд нар Э….. руу шилжүүлдэг юм…” гэх мэдүүлэг (1хх-ийн 23-26);
Гэрч С…..: “… “….. бодис нь Оросын Холбооны Улсын хүндийн өргөлтийн тамирчдын нууц гэх тариаг Монгол Улсад ******* зардаг гэх мэдээлэл үе үе ирдэг байсан, тэгээд бид нар 2024 онд тухайн тарианы зураг, бичлэгийг хүмүүс явуулж байсан. Тухайн худалдан авсан, бидэнд бичлэгийг илгээсэн, мэдээлэл өгсөн хүмүүсийн талаар бид нар гарган өгөх боломжгүй байна… Өмнө манай байгууллагад мэдээлэгч этгээд нь *******аас, “Only for Russian national team” гэх нэртэй бодис нэг ширхгийг гарган өгч шинжилгээнд хүргүүлсэн ба орц, найрлагын хариу ирсэн байгаа. Тухайн хариу надад байгаа, гарган өгөх боломжтой. Дээрх бүтээгдэхүүнээс бүх цаг үед хориглосон S4-4 буюу бодисын солилцооны модуляторын ангилалд багтах AICAR (AICA-riboside, acadesine) гэх бодис илэрсэн байсан. Б…. нь өөрөө хэрэглэснээ хүлээн зөвшөөрч, тухайн бодисоос 2,9 сая төгрөгөөр Хүндийн өргөлтийн шигшээ багийн дасгалжуулагч ******* санал болгон зарсан тухай хэлж, худалдан авсан баримт болон бусад мэдээллийг манай байгууллагад өгсөн байна. Ө……нь мөн ******* гэгчээс худалдан авсан гэх ба худалдан авахдаа бусдаар дамжуулан авсан тухайгаа мэдэгдэж, холбогдох баримтуудыг гарган өгсөн. Тэгээд хэрэглэсэн гэх “Only for Russian national team” гэх нэртэй бодисыг нэг ширхэг ампулийг манай байгууллагад гарган өгсөн ба түүнийг Олон Улсын Допингийн эсрэг байгууллагын лабораторид “үл мэдэгдэх” бодис гэсэн ангиллаар илгээж шинжилгээ хийлгэхээр ажиллаж байна…” гэх мэдүүлэг; (1хх-ийн 65-67, 98-100,);
Гэрч Э……: “… Эм гэдэг нь Эм эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 4.1.1-т зааснаар “өвчнөөс урьдчилан сэргийлэх, өвчнийг оношлох, эмчлэх зориулалттай хүний физиологийн үйл ажиллагаанд нөлөөлөх, үйлдэл нь эм судлал, эмнэлзүйн туршилтаар нотлогдсон, зохих тун хэмжээгээр хэрэглэдэг тодорхой хэлбэртэй бүтээгдэхүүнийг хэлнэ. Эмийн түүхий эд гэдэг нь Эм эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 4.1.36-т зааснаар “эм үйлдвэрлэл, найруулахад хэрэглэх байгалийн болон нийлэг гаралтай эмийн үйлчлэгч бодис, эмийн туслах бодисыг хэлнэ. Биобэлдмэл гэдэг нь Эм эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 4.1.8-т зааснаар “өвчнөөс урьдчилан сэргийлэх, өвчнийг оношлох, эмлэх зориулалтаар амьд бие, эд эсээс үйлдвэрлэлийн болон биотехнологийн аргаар гаргаж авсан бүтээгдэхүүн болон вакциныг хэлнэ. Эм, биобэлдмэл, эмийн түүхийн эдийг Монгол Улс руу импортлох, ханган нийлүүлэхэд Эрүүл мэндийн тухай хууль, Зөвшөөрлийн тухай хууль, эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулиар зохицуулагддаг. Импортлох ханган нийлүүлэх тусгай зөвшөөрлийг олгох сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох асуудлыг Эм эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газраас олгодог. Нэгдүгээрт, зөвхөн тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж нь эм, биобэлдмэл, эмийн түүхийн эдийг импортлон оруулах боломжтой. Хоёрдугаарт, импортолж буй эм нь Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдсэн байх ёстой. Түүнчлэн Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдсэн эмийг тусгай зөвшөөрлийн дагуу импортлон оруулахдаа эм, эмнэлгийн хэрэгслийн импортын бүртгэлийг манай байгууллагаас авч, хилээр авч ордог байна. Импортын мэдүүлэг дээр хилээр оруулах хэмжээ, улсын бүртгэлийн дугаар, хүчинтэй хугацаа, гэрээний дугаар зэрэг бүртгэгдсэн байдаг. Ханган нийлүүлэх зорилгоор эмийн бүртгэлгүй эм, биобэлдмэл, эмийн түүхий эдийг оруулан ирэх боломжгүй…” гэх мэдүүлэг; (1хх-ийн 70-73);
Гэрч Н…..: “…Наадмын бэлтгэлд 06 дугаар сарын 16-ны өдөр гарахын өмнө 12-ны өдөр надтай миний танил ах болох … надтай холбогдоод, “Надтай хүндийн өргөлтийн холбооны менежер …. гэх хүн холбогдлоо, гавьяат дасгалжуулагч Х гэх хүн допингийн бодис илэрдэггүй, дархлаа дэмждэг, ажиллагаа сайжруулдаг, ядралт багасгадаг бодис зарж борлуулдаг гэнэ, гавьяат тамирчин …. дэлхийн аваргад орохынхоо өмнө 3 ширхгийг хийгээд орсон, их сэргээд орсон гэнэ, энийг авч хэрэглүүлэхэд ямар ч асуудал байхгүй гэнэ” гэж ярьсных нь дагуу би сонирхоод хэрэглэж үзэхээр болсон. Эхлээд манай ах Т…..бэлтгэлийн өмнө 10 ширхгийг өгөөд ба “….” нэртэй судсаар 100 мл-ийн Натритай холиод тарьж хэрэглэдэг гэж заасан. Тэгээд би 06.13-ны өдрөөс 21-нийг хүртэл хэрэглээд, 21-ний өдөр дахин …. ахдаа захиад, Х багшийн гэрээс нь найз …. дамжуулан авхуулсан. Тухайн 20 ширхэг бодисыг 4,667,000 төгрөг буюу 10 ширхгийг нь 750 доллароор нь нийт 1500 доллароор авсан. Манай найз Ж….. хүндийн өргөлтийн Х багшийн гэрээс очиж, тухайн бодисыг хүлээн авч, надад өгсөн. Миний хувьд дээрх бодисыг хориотой бодис гэж огт мэдээгүй……. ахдаа залгаж хэлээд хүндийн өргөлтийн Х багшийн гэрээс нь найз … дамжуулан 20 ширхгийг авхуулсан. Тухайн 20 ширхэг бодисын үнэ болох 4,667,000 төгрөгийг найз М….. данснаас …. тоот Хаан банкны данс руу 2025.06.21-ний өдөр …. ахын хэлж өгсөн данс руу шилжүүлсэн. Манай найз ….. Хүндийн өргөлтийн Х багшийн гэрээс очиж, тухайн бодисыг хүлээн авч. 06 дугаар сарын 21-ний өдөр надад өгсөн…” гэх мэдүүлэг; (1хх-ийн 88-90, 3хх-ийн 24-26);
Гэрч Б….: “… Миний найз …. нь энэ жил буюу 2025 онд наадмын бэлтгэлдээ гарсан байх үедээ намайг хүнээс очоод юм аваад авчраад өгөөч гэж гуйсны дагуу 19-Үйлчилгээний төвөөс нэлээн урагшаа Улаанбаатар сувиллын урд байрлах 3 билүү 5 давхарт очиж, авахад хүндийн өргөлтийн Х багшаас уутан боодолтой 2 хэсэг юм авсан. Скочоор битүү юмаар байсан тул дотор нь юу байсныг мэдэхгүй байна. Тэгээд би Х багшаас авсныхаа дараа тэр өдөртөө найз Өсө….хбаяртаа хүргэж өгсөн юм…” гэх мэдүүлэг; (1хх-ийн 94-95);
Гэрч Я……: “…Тэгээд би 06 дугаар сард Х багштай утсаар холбогдож, гэрийг нь заалгаад, Улаанбаатар сувиллын орчимд гэрт нь очиж уулзахад, надад “Одоо чиний сонирхоод байгаа тариаг авна гэвэл би олоод өгч болно оо, авна гэвэл” гэж хэлэхээр нь “Би аймагт үзүүр түрүүнд барилдах дүүдээ өгөх гэсэн юмаа, допинг биш, шинжилгээнд ямар ч хамааралгүй биз дээ?” гэж асуухад, “Энэ тариа бол допингтой ямар ч хамааралтай дархлаа дэмжиж, ядралт багасгадаг, ажиллах чадварыг 30 хувиар нэмэгдүүлдэг юмаа….,”… гэж ярихаар нь Х гэх хүнийг шигшээ багийн дасгалжуулагч гэж мэдэх тул итгээд нийт 70 билүү 80 ширхгийг 21,042,000 төгрөгийг өөрийн Хаан банкны …. тоот данснаас ….. тоот данс руу “ТВ” гэсэн утгаар шилжүүлсэн…” гэх мэдүүлэг; (1хх-ийн 108-111);
Гэрч Н……: “…Бэлтгэл хийх явцад 2024 оны 10 дугаар сард Х багш надад “Хүч нэмэгдүүлэх, бэлтгэлд нэмэлтээр хэрэглэх бодис захих гэж байна, чи сонирхох уу?” гэж асуугаад нэрийг нь бичээд үзүүлсэн, тухайн үед юу бичиж байсныг сайн санахгүй байна, тэр үедээ би багшдаа итгээд зөвшөөрсөн. Тэгээд би 2,9 сая төгрөгийг Х багшийн ….. тоот данс руу өөрийн … тоот данснаас 10 дугаар сарын 19-ний өдөр шилжүүлсэн. Одоо санаж буйгаар 10 дугаар сарын 30-ны өдөр бэлтгэл дээрээ очиход Х багш “Чиний захисан юм ирсэн” гээд надад тарих зориулалт бүхий “Testomed E250” хоёр хайрцаг, “Primomed 100” нэг хайрцаг, “Stanozon” хоёр хайрцаг шахмал бэлдмэл өгсөн…” гэх мэдүүлэг; (1хх-ийн 119-121),
Гэрч Б…..: “… Миний үеэл ах ******* нь надтай гар утсаар холбогдоод миний арилжааны банкны данс хэрэгтэй байна. Ах нь мөнгө оруулаад авна гэж хэлсэн. Би өөрийн үеээл ах учраас юм бодолгүй, мөн яагаад шилжүүлж байгаа талаар асуухгүй өөрийн Хаан банкны …. тоот дансыг өгсөн. Үүний дараа тухайн 21,042,000 төгрөгийн гүйлгээг хийгдэж орж ирсэний дараа ах ******* надтай холбогдоод энэ мөнгийг дараах байдлаар шилжүүлчих гэж хэлсэн учираас би түүний хэлсэний дагуу гүйлгээний утгыг бичээд шилжүүлсэн. Тэр өдөр ах Х над руу залгаад мөнгө дансанд чинь орсон өөрийнх нь данс руу шилжүүлчих гэж хэлсэн. Тэгээд би хэлсний дагуу “Моторын үнэ” гэсэн утгатайгаар 4,667,000 төгрөгийг шилжүүлсэн. Би дээрх мөнгийг ямар учиртай мөнгө гэдгийг мэдэхгүй, хэн энэ мөнгийг шилжүүлж байгаа талаар мэдэхгүй, манай ах Х л энэ талаар мэднэ…” гэх мэдүүлэг (3хх-ийн 145-146);










