
Шөнө дунд гэнэт гэрээ зад цэвэрлэмээр санагдах, эсвэл маргааш нь маш чухал ажлын хугацаа нь дуусах дөхсөн байтал интернэтээс халимны амьдралын тухай уншиж, reels гүйлгээд сууж байсан тохиолдол танд бий юу? Тэгвэл баяр хүргэе, та “маргааш гэдэг занга” буюу ажлаа хойшлуулах урлагт гарамгай суралцжээ.
Бид ихэвчлэн ажлаа хойшлуулдаг хүмүүсийг залхуу гэж цоллодог ч орчин үеийн сэтгэл судлал үүнийг тэс өөрөөр тайлбарладаг. Энэ бол залхуурал биш, харин таны тархи тухайн ажлаас төрөх стресс, айдас, тодорхойгүй байдлаас өөрийгөө хамгаалж буй “зугталт” юм. Өөрөөр хэлбэл, таны одоо цагт таашаал авагч “сармагчин тархи”, ирээдүйг төлөвлөгч “логик тархи” хоёрын дундах дотоод дайн гэсэн үг.
Ажлаа хойшлуулах нь залхуурлаас биш, харин тухайн ажлаас төрж буй таагүй мэдрэмж, айдас, эсвэл хэт их ачааллаас зугтах гэсэн тархины хамгаалалтын механизмаас үүдэлтэй байдаг. Энэхүү дайнд логик тархиа ялуулахын тулд танд ердөө зөв тактик л хэрэгтэй. Тэгвэл ажлаа хойшлуулах зуршилтайгаа ухаалгаар тэмцэж, бүтээмжээ нэмэгдүүлэхэд туслах хэрэгжүүлж болохуйц зөвлөгөөг хүргэж байна.

- Хоёр минутын дүрэм баримтлах
Хэрэв ямар нэгэн ажлыг хийхэд 2 хүрэхгүй минут зарцуулагдахаар байвал яг одоо шууд хий. (Жишээ нь: ирж буй имэйлд хариулах, ширээгээ цэгцлэх гэх мэт). Энэ нь ажлыг бөөгнөрүүлэхгүй байхад тусална.
2. Ажлыг жижиг хэсгүүдэд хуваах
Том төсөл, зузаан ном унших, эсвэл том хэмжээний бие даалт хийх зэрэг нь тархинд “хэтэрхий хэцүү” гэсэн дохио өгч, зугтахад хүргэдэг. Тиймээс ажлыг маш жижиг, алхам алхмаар хийх даалгаврууд болгон задлаарай.
3. Хүлээгдэж буй үр дүнг бууруулах
“Төгс хийх ёстой” гэсэн бодол ажлыг эхлүүлэхэд хамгийн том тээг болдог. Төгс биш ч хамаагүй, зүгээр л “муу ч хамаагүй хийгээд эхэлье” гэж өөртөө хэлээрэй. Засах, сайжруулах хугацаа дараа нь үргэлж олдоно.
4. Анхаарал сарниулагчдыг устгах
Ажил эхлэхийн өмнө утсаа өөр өрөөнд үлдээх эсвэл “Do Not Disturb” горимд оруул. Түүнчлэн компьютер дээрээ зөвхөн тухайн ажилд хэрэгтэй зүйлсийг нээж, сошиал медиа хаягуудаа хаагаарай.
5. Эхний 5 минутын дүрэм
“Би зөвхөн 5-хан минут энэ ажлыг хийгээд, тэгээд дургүй хүрвэл болино” гэж өөрийгөө хуур. Ихэнх тохиолдолд хүн эхний 5 минутыг давчихвал ажлынхаа эрчдийг авч, үргэлжлүүлэн хийчихдэг талтай.
6. Хамгийн хэцүү ажлыг өглөө нь хийх
Өдрийн эхэнд, эрч хүч өндөр байх үед хамгийн дургүй, эсвэл хамгийн хэцүү ажлаа барьж ав. Үүнийг дуусгачихвал өдрийн үлдсэн хугацаанд маш том эрч хүч, өөртөө итгэх итгэл бий болно.
7. Өөрийгөө урамшуулах систем үүсгэх
“Энэ хэсгийг дуусгаад би дуртай кофегоо ууна”, эсвэл “1 цаг суусныхаа дараа дуртай цувралынхаа 1 ангийг үзнэ” гэх мэтээр өөртөө жижиг шагнал амла. Тархи шагналд дуртай учраас ажлыг хурдан дуусгах сэдэл төрнө.
8. Өнөөдрийн өөхнөөс маргаашийн уушиг дээр гэдэг шиг өөрт үүссэн тодорхойгүй байдлыг арилгах
“Маргааш бие даалтаа хийнэ” гэдэг бол хэтэрхий ерөнхий бөгөөд тодорхойгүй зорилго юм. Үүний оронд “Маргааш өглөө 10:00 цагт ширээнийхээ ард сууж, судалгааны ажлынхаа эхний 2 хуудсыг бичнэ” гэж маш тодорхой төлөвлө.
9. Өөрийгөө буруутгахаа болих
Ажлаа хойшлуулсандаа харамсаж, өөрийгөө зэмлэх тусам стрессийн даавар нэмэгдэж, дараагийн ажлыг хийх хүсэл улам буурдаг. Өнгөрснийг зүгээр л орхиж, “За, яах вэ. Одооноос эхлээд ядаж ганц алхам хийе” гэж өөртөө хүлээцтэй хандаарай.
Эдгээр аргаас шууд бүгдийг нь хэрэгжүүлэх гэж бүү яар. Өөрт чинь хамгийн амархан санагдаж буй 1-2 аргыг сонгон авч, яг одооноос туршиж үзээрэй.
Б.Уранзаяа









