
“Будаг нь ханхалсан сургууль” гэх ойлголт хамгийн буруу хандлагын нэг болохыг Хүний их эмч, Орчны эрүүл мэндийн судлаач Л.Дэлгэрзул онцоллоо. Тэрбээр хүүхдүүдийг хичээл эхлэхээс долоо хоногийн өмнө яаруу сандруу засвар хийсэн, будаг нь хатаж амжаагүй анги танхимд оруулж буй нь эрүүл мэндэд ноцтой эрсдэл дагуулж байгаа гэв.
Сургууль, цэцэрлэгүүд засварын дараа будаг, цавууны үнэр бүрэн арилсан үед хүүхдүүдийг хүлээж авах нь эрүүл мэндийг хамгаалж буй хэрэг юм. Гэвч дуу тусгаарлагч болон бусад материалуудыг их хэмжээний цавуугаар наасан, бүтэн “цавуудсан” ханатай орчинд хүүхдүүдийг шууд суулгах тохиолдол олон байдаг байна.
Эдгээр барилгын материалуудаас “дэгдэмхий органик нэгдэл” (VOC) хэмээх хүний биед хортой бодисууд ялгардаг. Нэрнээс нь харахад эдгээр бодисууд агаарт дэгдэж, амьсгалаар хүний биед нэвтэрдэг. Ялангуяа эхний 30 хоногт хамгийн их хэмжээгээр ялгардаг нь хамгийн аюултай үе юм. Энэ хугацаанд хүнгүй орчинд дэгдэж дуусах боломжийг бүрдүүлэх ёстой ч эсрэгээрээ хүүхдүүд хамгийн их хордлогын үед нь тухайн орчинд орж байна.
Хэрэв наймдугаар сараас өмнө засварын ажлыг хийж, есдүгээр сард хичээл эхлэхээс 30 хоногийн өмнө хорт бодисын дийлэнх нь дэгдэж багассан байвал эрсдэл мэдэгдэхүйц буурна. Гэвч боловсролын байгууллагууд хэрэглэж буй материалдаа стандарт, шаардлага тавьдаггүйгээс болж хямд, чанаргүй, хорт бодис ялгаруулдаг бүтээгдэхүүнүүдийг ашиглах нь түгээмэл байна.
Сүүлийн жилүүдэд хүүхдийн хорт хавдрын өвчлөл жилд 20-30 хувиар өсөж байгаа нь ноцтой дохио тэр дундаа цусны хавдар нэмэгдэж байгаа. Бензол, формальдегид зэрэг бодисууд нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас нэгдүгээр зэргийн хавдар үүсгэгч гэж батлагдсан бөгөөд эдгээр нь ихэвчлэн хямд будаг, шингэлэгч, цавуунд агуулагддаг.
Хүүхэд амьсгалаа хянах боломжгүй. Өдрийн ихэнх цагийг өнгөрөөдөг анги танхимын агаараар дамжин эдгээр хорт бодисыг тасралтгүй амьсгалснаар хавдар үүсэх эрсдэл нэмэгдэж байгааг Л.Дэлгэрзул хэллээ.









