
Хөл бөмбөгийн 2026 оны ДАШТ-ий олон онцлогтой, сонирхолтой өрнөж байна. Дэлхийн олон сая үзэгч хөл бөмбөгийн ДАШТ-ий тоглолтуудыг шимтэн үздэг. Энэ ч утгаараа хөлбөмбөгөөр бүрэн амьсгалж, спортоор нэгдэж чаддаг өдрүүд юм.
Монгол Улсын хөл бөмбөгийн спорт сонирхогчид ч тэмцээн, уралдаан үзэх, өөрийн дэмждэг багаа, тоглогчийнхоо талаар судлах, ойлголт мэдлэгтэй болж, харьцангуй “Соёл”-д суралцаж байгаа.
Спортын аливаа тэмцээн уралдааны шууд дамжуулалтыг мэргэжлийн түвшний “Тайлбарлагч” үгүйгээр төсөөлшгүй.
Тэмцээний шууд дамжуулалтын үеэр тоглолтоо өөрийн болгож, үзэгчдийн, мөн хөгжөөн дэмжигч фанатуудын сонирхлыг татаж чадах эсэх нь тухайн спортын тайлбарлагчаас голлон шалтгаална. Иймээс ч шууд дамжуулалтад ажилладаг тайлбарлагч нарын ур чадвар жилээс жилд өсөн нэмэгдэж, тэдний мэргэжлийн онцлогийг өндөр түвшинд гаргадаг.
Мэдээж ингэж өндөр түвшинд тайлбарлана гэдэг нь үзэгчдийн таашаалд яв цав нийцнэ л гэсэн үг. Ингээд бид хөл бөмбөгийн ДАШТ-ий ширүүхэн өрсөлдөөн өрнөж буй энэ өдрүүдэд тайлбарлагч нартай уулзж, цөөн хором ярилцсанаа хүргэе.
Спортын тайлбарлагч Б.Билгүүн: Спортын шууд дамжуулалтаа илүү гоё, чанартай өргөн хүрээнд болгохыг зорьж байгаа

-4 жилд нэг удаа болдог ДАШТ энэ жил өвөрмөц болж, мөн олон ч баг оролцож байна. Энэ хэрээр тоглолтууд их нэмэгдэж байна. Тухайлбал нэг шөнийн дотор 4 тоглолт болж байх жишээний.
Тэмцээний тоглолтын хуваарь нь маш шахуу байгаа учраас тайлбарлагчдын бүрэлдэхүүнийг нэлээн өргөн бүрэлдэхүүнээр сонгохыг зорьсон. Тэгээд энэ жилийн онцлог олон телевиз хамтарч байгаа учраас тайлбарлагч нар маань бусад телевизүүдээрээ очиж тайлбарлах шаардлагатай болж байгаа. Манай тайлбарлагч нарын бүрэлдэхүүнд Б.Батзаяагаас авхуулаад л бид хэд сүүлийн үед Европын аварга, дэлхийн аварга дээр тогтмол хамтарч ажиллаж байлаа. Энэ бүрэлдэхүүн дээрээ нэмээд манай шинэ залуу гарч ирж буй тайлбарлагч нарааасаа оруулж ирсэн.
Тэгээд манай Насанбуян, Хаш-Эрдэнэ гээд залуучууд бүрдүүлээд шууд дамжуулалтдаа ажиллаж байна. ДАШТ-д хөтлөлт нь бас тайлбар нь тусдаа, аналист нь тусдаа явбал тайлбарлагч нарт өөрт нь ачаалал арай бага байх гэсэн төлөвлөгөөтэй хуваариа зохицуулан гаргасан. Иймээс тайлбарын багаа өргөн бүрэлдэхүүнээр төлөвлөсөн.
Спортын тайлбарлагч гэж тусдаа мэргэжил бол яг үнэндээ байхгүй. Энд мэдээж хүн өөрийнхөө хүсэл сонирхлыг өөрийнхөө мэдлэг боловсролыг хөгжүүлээд, явдаг. Мэдээж телевизийн тайлбарлагч үгийн сонголт, хоолойны өнгө, өөрийн мэдлэг энэ бүхэн нэгдээд, тайлбарлаад үзэгчдэд хүрдэг болов уу. Тайлбарлагч нар өөрөө л дэлхийн аваргадаа бэлдээд л, эртнээс судлаад шууд дамжуулалтдаа ажилладаг. Жишээ нь дэлхийн аварга тодорхой болоход бид нар жишээ нь 2-3 сарын өмнө ч юм уу, бэлдээд л ордог байсан. Тухайн багаа судлаад л эрхээ авсан багийг нь судлан, урьдчилсан шатанд хэрхэн яаж тоглосон, ямар бүрэлдэхүүн гаргасан тэр бүгдийг нь хараад , мэдээд, үзээд л, судлахыг хичээдэг дээ.
Жишээ нь дэлхийн аваргад анх удаагаа орж байгаа 4 улс байна. Өмнө нь тогтмол оролцож байгаагүй баг байна, мөн 28 жилийн дараа орж ирж байгаа багууд ч байгаа. Шинэ үе нь гарч ирээд л тэр болгон дээр бүгдэд нь судалгаа хийгээд л, бүтэн жилийн бас бүтэн улирлын турш байнгын мэдээлэлтэй, байнгын үзэж байхгүй бол болохгүй. Зөвхөн дэлхийн аварга болох гэж байгаа гээд л шууд ороод л тайлбарладаггүй.
Тогтмол тэдний тоглолтыг үзээд, байнгын мэдээлэлтэй, анализ судалгаатай өөрийгөө хөгжүүлж байдаг.
Миний хувьд 2010 оноос Германы хөл бөмбөгийн Бунделигийг тайлбарладаг байлаа. 20 гаруй жилийн өмнө Одод студид анх мэргэжлийн гараагаа эхлүүлж байсан. Би телевизэд ажиллах л мөрөөдөлтэй байсан л даа. Тэгээд телевизэд орохын тулд ямар мэргэжил сонгох вэ гэдэг дээр өөрөө спортод дуртай учраас Спортын сэтгүүлч гэдэг мэргэжлийг анх сонгож байлаа.
Тэр цагаас хойш хоббигоо ажил мэргэжил болгоод л, хөгжүүлж явсаар үндсэн мэргэжил маань болчихсон байна даа. Мэдээж хүнд хүргэхийн тулд тайлбарлагч бид нар сайн мэдээлэлтэй байх хэрэгтэй. Зөвхөн тухайн спортынх нь талаасаа бус тэр тамирчны хүүхэд ахуй нас, ар гэр ямар байдлаар энэ их спортод холбогдсон юм гээд л бүгдийг нь судлаад яг онцгой чадвар нь юу юм, жишээ нь гоол оруулдаг ч юм уу тэр агшинд нь хүний анхаарлыг татахын тулд бүх л гоё сонирхолтой мэдээллийг хүнд ойлгомжтой бөгөөд их товч тодорхой хүргэх хэрэгтэй.
Ингэснээр мэдээж хүний анхаарлыг татаж хүмүүс ч гэсэн энэ спортоос илүү, гоё татагдаж ороод сонирхолтой чиглэлийг л барьж ажилладаг даа. Спортын сэтгүүлч нар онцгой, сайхан мэдрэмжтэй. Энэ ч утгаараа бидэнд тийм нэг ажилдаа дурласан, онцгой мэдрэмжүүд бий.
Тухайн тамирчин ямар зовлон туулаад, ямар бэрхшээлийг даваад, яаж өвдөж зовоод, тэр том тэмцээнд очоод, амжилт үзүүлж байгаа гэдгийг нь хэн ч мэдэхгүй шүү дээ.
Иймээс л спортын сэтгүүлч нар чинь болбол байнгын одоо бүх мэдээлэлтэй байгаа учраас тэр бүх зовлон шаналал, зүтгэл хөдөлмөрийн ард нь хэрхэн юу өрнөж байдгийг мэддэг. Тийм учраас сэтгүүл зүйн ёс зүйн ялгаа үүн дээр гарч байгаа л даа. Спортын сэтгүүл зүй нь үндсэн 2 үүрэгтэй. Телевизийн хувьд энэ хоёр үүргийг хангах, биелүүлэхийн тулд танин мэдүүлэх, хөгжөөн цэнгүүлэх.
Үзэгч, спортын дэмжигч фэнүүд чөлөөт цагаараа өөрийнхөө дуртай спортыг үзээд сууж байвал хамгийн их стресс, ядаргаа тайлагддаг.
NTV телевиз 2 дугаар сувгаа Спортын дагнасан суваг болгоод яг жилийн өмнө ажиллуулж эхэлсэн. Бид өнгөрсөн волейбол, бильярдын спортын төрлүүд мөн өвлийн спортын уран гулгалт ч юмуу ийм шууд дамжуулалт дээрээ нэлээн анхаарч ажиллаж байна.
Тэгээд цаашид дотоодын контентууд дээр илүү түлхүү ажиллаж, шууд дамжуулалтын чанарыг сайжруулж, олон улсын түвшинд хүргэхийн тулд илүү чанартай, гоё шууд дамжуулалтыг хүргэхийн төлөө гол зорилгоо болгон ажиллаж байна.
Энэ жил Япон улсын Нагояа мужид болох Азийн зуны наадам байна. “Лос Анжелес-2028” оны зуны олимпын наадмыг шууд дамжуулан үзүүлэх эрхээ авчихсан. Өвлийн олимпын наадмыг бид сая үзэгчдэд шууд дамжуулан хүргэлээ. Ингээд шат дараатайгаар илүү томоор харсан тэмцээн уралдаанууд бол байна. Мэдээж өвлийн спортын төрлүүдээ бид түлхүү хүргэнэ.
Ярилцсанд баярлалаа.


Спортын сэтгүүлч, тайлбарлагч О.Сонинбаяр: Хөлбөмбөгийн үзэгчид маш гоё соёлтой болсон
-Энэ жилийн хөл бөмбөгийн дэлхийн аварга их онцлогтой болж байгаа. Энэ жилийн хөлбөмбөгийн ДАШТ дээр хамгийн өөрчлөгдсөн зүйл гэвэл анх удаагаа 4 телевиз тоглолтуудаа хувааж аваад, шууд дамжуулж байна. Хамт нэг баг болоод манай тайлбарлагч нарын хувьд телевизүүдтэйгээ гэрээ байгуулаад, өөрсдийн гэсэн тодорхой өнгө төрх байдаг. Миний хувьд энэ жилийн тэмцээнийг МҮОНРТ дээр болон Боловсрол суваг телевиз дээрээ тайлбарлаж байна. ДАШТ-ий хувьд харьцангуй өглөө тайлбарлаад, огт өөр мэдрэмжтэй, олон тоглолттой баг нэмэгдсэн учраас ачаалал ихтэй байгаа. Хөл бөмбөг дээр ажиллахад энэ жилийн тэмцээн нь гоё зүйл нь өмнө нь өвлийн олимп, сая сүүлд волейболын Үндэстнүүдийн Лигийн шууд дамжуулалт дээр тайлбарлагчаар ажиллаж байна.
Миний тайлбарлаж байгаа тэмцээнүүдтэй харьцуулахад Монголд хөл бөмбөгийн спортыг харьцангуй үзэгчдийн хувьд соёл нь суучихсан, тогтчихсон үзэгчидтэй. Ер нь зарим үзэгчид бол тайлбарлагч нараасаа дутуугүй сайн мэддэг маш өргөн хүрээгээ тэлсэн. Ийм спортын төрөл учраас тайлбарлагч бидний хувьд маш амар байна. Яагаад вэ гэвэл үзэгч нар нь нэг ёсондоо бараг мэргэжлийн. Харин бидний хувьд өөрсдийн бэлтгэл, судалгаа, тоглолтын мэдрэмж, тэр бүх зүйл дээрээ ингээд туршлагаараа ажиллаад л явчихад үзэгчид маань өөрсдөө хөл бөмбөгийн маш гоё бааз. Ийм үзэгчид байгаа учраас тайлбарлагч нарын хувьд их гоё байгаа. Яагаад гэхээр үзэгчдээс дандаа магтсан, сайшаасан коммент, мессежүүд, сэтгэгдэл их ирж байгаа.
Жишээ нь тайлбарлагч нараа урамшуулсан заримдаа хүмүүс бүр нүдний дусаалга дусаагаарай, сайн унтаарай, нойроо сайн аваарай гээд ямар нэгэн шүүмж гэхээсээ илүү ийм урмын сэтгэгдлүүд их ирж байгаа нь их гоё байна. Сөрөг коммент гэхээсээ илүүтэй хөл бөмбөгийн үзэгчид маань өөрсдөө маш гоё соёл суучихсан, гоё үзэгч нар байдаг юм байна гэдэг нь энэ дэлхийн аварга дээр дахин харагдаж байгаа.
Миний хувьд 2018 онд ОХУ-д болсон хөл бөмбөгийн ДАШТ-ийг анх тайлбарлаж байлаа. Тэгээд 2022 онд Катарын ДАШТ-ийг Централ телевизийнхээ хамт олонтой тайлбарлаж байсан. Ингээд 3 дахь тэмцээн дээрээ мэргэжлийн баг хамт олонтойгоо ажиллаад сайхан байна.
Анх би 2012 онд сониноос ажлын гарааагаа эхэлж, спортынхоо булан редакци дээр ажиллаж, Спортын сэтгүүлчийн гараагаа эхлүүлж байлаа. Тэгээд 2015 онд МҮОНТ-ийнхээ Спортын албанд тухайн үеийн “Чандмань” студийн суурь байсан. Ингээд телевизэд спортын сэтгүүлийн ажлын гараагаа эхлүүлсэн дээ. Ер нь спортын тайлбарлагчаас маш их туршлага, мэдрэмж шаарддаг. Миний хувьд 2002 онд хүүхэд байхдаа үзэж байсан хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний тоглолт хүртэл өнөөдрийн миний тайлбарлахад тодорхой хэмжээний туршлагад нөлөөлөөд явж байгаа. Тэгэхээр бол зөвхөн мэргэжил эзэмших, бичдэг байх тэр олон сэтгүүлчийн нарийн чадвар, техник мэдрэмжүүдээс гадна маш их архив, хувь хүний ой санамж, тэр давтамж маш чухал. Дээрээс нь энэ ажлыг хэн дуртай нь хийхгүй. Үнэхээрийн олон цагийн цагийн зөрүүний урт хөдөлмөр байдаг учраас их тэсвэртэй, тэвчээртэй, дээрээс нь дуртай хүн л хийх ажил.
Шууд дамжуулалтад зүгээр нэг ороод суучих биш урсгалаараа ажиллах ийм ажил биш. Туршлагаараа яваад гарах тоглолт бол одоо ер нь байхгүй болчихсон. Тоглолтын өмнө дор хаяж, багадаа 2 цагийн бэлтгэл хийж байж тоглолтдоо орох шаардлагатай. Энэ нь ч одоо бид нарын ажилдаа хандах хандлага хүндлэл байдаг. Спортын тайлбар гэдэг бол маш мэдрэмжийн асуудал. Тухайн нөхцөл байдал дээр юу ч болж болно, бэлдэх юм гэж байна. Тэгэхдээ бэлтгэгдэхгүй ч гэж бас байна шүү дээ. Нөхцөл байдал юу ч болж болно, тэр бүгдэд л одоо бэлэн байх чухал. Тэгээд ямар ч нөхцөл байдал дээр өөрийгөө хэн бэ гэдгээ тухайн тоглолтынхоо момент тэр ситуацыг л аваад явах тийм чадвартай байх л ёстой доо.
Энэ жилийн ДАШТ дээр нэлээн олон тоглолт дээр ганцаараа орж байгаа. Энэ нь жаахан амаргүй байгаад байна. Хоёулаа байх бол нэлээн давуу талтай байдаг. Одоо тайлбарлагч манай Б.Батзаяа, Б.Билгүүн ах гээд туршлагатай хүмүүстэйгээ цуг тайлбарлаж байгаа. Бид нарын хувьд өмнө нь олон удаа хамтран ажиллаж байсан болохоор их түшигтэй, бие биедээ түшигтэй гоё байгаа.
Ярилцсанд баярлалаа.









