
Монголчууд спортын бүх төрөлдөө л чадамжтай, тив, дэлхийд хүч бяр, оюун ухаанаа, ур чадвараа гайхуулж яваа.
Үүний нэгэн адилаар бильярдын спортын төрлөөр ч тэр дундаа хэйбол пүүл төрөлдөө амжилттай тэмцээн уралдаандаа тогтмол өрсөлдсөөр байгаа. Тэгвэл Монголын Хэйбол Пүүл бильярдын холбоо нь үүсгэн байгуулагдаад харьцангуй залуу хэдий ч, тэдний ирээдүйн бодлого төлөвлөлт, зорилго зорилт тод томруунаар гэрэлтэж байна.

Саяхан өсвөрийн ангилалдаа хэйбол пүүл бильярдын төрөлд анхны медальтнаа өлгийдөн авсан Монголын Хэйбол Пүүл бильярдын холбооны тэргүүн Б.Энхтүвшинтэй ярилцлаа.


-Сайн байна уу? Юуны өмнө Хэйбол Пүүл бильярдын өсвөрийн ДАШТ-нээс анхны медальтнаа угтан авсан та бүхэнд баяр хүргэе?
-Сайн байна уу. Баярлалаа. Норвегийн нийслэл Осло хотод энэ сарын 12-17-ны өдрүүдэд зохион байгуулсан Хэйбол Пүүл Бильярдын Өсвөрийн Дэлхийн Аварга шалгаруулах тэмцээнд 2 тамирчны хамтаар оролцоод ирлээ. Тус тэмцээн нь 19 хүртэлх насанд эрэгтэй, эмэгтэй ангилалд медалийн эздээ тодруулсан.
- Өсвөрийн Улсын Аварга Ч.Анхжаргал
- Өсвөрийн Улсын Аваргын мөнгөн медальт Б.Мөнх-Ундрал нар оролцсон.
Ингээд Ч.Анхжаргал анх удаа хүрэл медаль зүүсэн. Дараагийн залгамж халаа болж яваа залуу тамирчдаа манай холбооноос бодлогоор маш сайн дэмждэг. Үүний үр дүнд өсвөрийн баг тамирчид маань анхны медалиа дэлхийн тавцангаас хүртсэнд бид сэтгэгдэл өндөр байгаа.


Ч.Анхжаргалын хувьд 13 настай, Б.Мөнх-Ундрал 16 настай. Энэ хоёр тамирчин маань манай холбооноос зохион байгуулсан улсын аварга шалгаруулах тэмцээнээс 1, 2 дугаар байранд орж эрхээ аваад, саяны ДАШТ-ийг зорьсон.
-Монголын хэйбол пүүл бильярдын спортын түүхэндээ дэлхийн аваргын медальтай хамгийн залуу тамирчин төрлөө шүү дээ?
-Тийм. Манай Ч.Анхжаргалын хувьд 2 жилийн өмнөөс спортоороо хичээллэж эхэлсэн. Тухайн үед Энэтхэгт тэмцээнд оролцож байсан бол өнгөрсөн жил Австрали улс руу мөн оролцож байсан.
Манай холбооны нарийн бичгийн дарга Батхүү маань багаа ахалж явж байлаа. Батхүүгийн маань 2 хүү нь бас улсын аваргын медальтай, топ тамирчид бий.
Тэгээд тухайн үед эрэгтэй тамирчид 16-18 хүртэлх насанд өрсөлдөж байсан.


-Залуу тамирчдын хувьд том тэмцээнд өрсөлдөнө гэдэг нь маш том туршлага хуримтлуулна гэсэн үг. Энэ ч утгаараа тамирчид сэтгэлзүйгээ бэлтгэх чадамж нь сууж өгөх болов уу?
-Мэдээж том тэмцээн тэдэнд маш том туршлага, ур чадварыг суулгаж өгнө. Хоёр тамирчин маань маш хүнд, хэцүү тоглолтуудыг хийсэн. Өөрөөсөө илүү хоёр ч тоглогчийг хожиж, дэлхийн тавцангаас медаль зүүлээ.
Тэмцээний өмнө би тухайн хоёр тамирчиндаа ямар өрсөлдөөнд оролцох гэж буйг хэлээгүй. Тэр ч утгаараа сэтгэлзүйд нь хэт өндөр ачаалал өгөхгүйг анхаарсан. Илүү мэдээлэл өгвөл тэдний сэтгэл зүй айдаст автахвий гэж сэрэмжилсэндээ тэр л дээ.


-Ази тивийн анхны аварга, ОУХМ Б.Нарантуяаг тивдээ төдийгүй дэлхийд таньж мэддэг болсон. Түүний амжилт, ялалтыг дагаад Монгол Улсаа дэлхийд сурталчлан таниулж яваа.
Өнгөрсөн жил “Оргилд хүрэх зам” нэвтрүүлэгт уригдан оролцож байсан?
-Тийм. Залуу тамирчид маань тив, дэлхийд өндөр амжилттай оролцож байна. Насанд хүрэгчид маань ч тэмцээнд тогтмол чансаатай, өндөр амжилттай оролцож байгаа. Энэ оны 1 дүгээр сард 2 эрэгтэй тамирчин маань мөн л сайхан амжилтыг үзүүлсэн.
-Мэдээж зөвхөн нэг өдөр, тэмцээнд оролцоод шууд л медаль хүртэх боломжгүй. Энэ бол олон жилийн холбооны баг хамт олны, мөн тамирчны бэлтгэл сургуулилт, цаашлаад зөв менежмент, удирдан зохион байгуулах, бүх зүйлийн цогц шийдэл болов уу?
-Яг тийм. Мэдээж тамирчны бэлтгэл сургуулилт нэн тэргүүнд байх ёстой. Хамгийн гол нь тамирчдын сэтгэлзүй номер 1-т тавигдах нь чухал.
Мөн дэмжлэг болох маш олон зүйл байх ёстой. Бильярдын спорт нь бусад төрлүүдээс ялгаатай нь гэвэл яг ширээн дээр тамирчин оччихсон хойно ментор хийгээд л, сэтгэл зүйг нь гоё засаад л, харуулдаг ийм төрлийн спорт байхгүй юу. Гэхдээ тухайн тамирчны хоол, унд, нойр маш чухал. Үүнийг дагаад ч сэтгэлзүй нь тогтвортой байна. Одоо ялангуяа өсвөрийн тамирчид чинь ерөөсөө юугаа ч мэдэхгүй шүү дээ. Ямар хоол, унд идүүлэх, нойр нь яах юм гээд л энэ бүгдийг маш сайн тааруулна.
Мэдээж бэлтгэлээ өнөөдөр хийх ёстой зэрэг ийм төлөвлөгөөтэй явдаг. Амжилт гаргахын тулд маш олон хүчин зүйлүүдээс шалтгаална.
Зардал санхүүгээс авхуулаад, энэ болгоныг нь шийдээд өгчихвөл тамирчин зөвхөн тэмцээндээ 100% гоё төвлөрөөд л явчихна. Манайханд нэг тийм зовлон байдаг шүү дээ. Нөгөө зардал мөнгөгүй болоод л тэрэндээ баригдаад л байдаг. Харин тэр үе бол ард хоцорсон. Ялангуяа бильярдын спортоор тууштай хичээллэж, бэлтгэж яваа ах, эгч нар нь сүүлийн үед Хятад руу тэмцээнүүдэд оролцож, тогтмол өндөр шагналд хүрч чадаж байгаа.


Энэ чинь л тэдний нийгмийн баталгаа шүү дээ. Сая өсвөрийн дэлхийн аваргыг зорьсон манай 2 залуу тамирчдад ар гэр нь нэлээн тусалсан. Тэгэхээр энэ менежментийг хийх нь холбооны маань үүрэг. Тэгэхээр манай Хэйбол Пүүл холбооны бидний чадах чинээгээрээ ажиллаж байна.
Цаашдаа олон амжилтууд гарна хэмээн найдаж байна.
-Хэйбол Пүүл бильярдын төрөл нь “Брисбен-2032” зуны олимпын XXXV наадамд багтан орох магадлал өндөр байгаа. Энэ тухайд сонирхоё?
-Монголчууд Хэйболын яг энэ төрлөөрөө өнөдөр амжилтуудыг тогтмол үзүүлж байгаа. Снукер, покет бильярд байна, хэйбол за тэгээд карум гээд нүхгүй зэрэг энэ 4 төрөл зуны олимпын наадмын албан ёсны хөтөлбөрт орох магадлал өндөр бий. Яагаад гэвэл дэлхийн том наадам буюу Азийн танхимын наадам, том тэмцээн уралдаанд эдгээр төрлүүд албан ёсоор багтчихсан. Энэ нь олимпод орох гэж буй спортын төрлүүдийн цаашдын өнгө төрх. Жил ирэх тусам яг энэ хэйбол пүүл төрөлдөө оролцогчдын тоо нэмэгдэж байна.
Саяны тэмцээн гэхэд л ирэх жил Африк тивд зохион байгуулна. Энэ чинь өөрөө олимпод орох гээд байгаагийн л сайны дохио шүү дээ.


-Танай холбооны хувьд цаашдаа илүү том бодлого төлөвлөлтөөр ажиллах болов уу. Тамирчдын амжилт нь илүү та бүхний ажлыг хурцалж, хүч өгч байгаа байх?
-Хэйбол төрөл маань харьцангуй залуу төрөл. Сүүлийн үед Хятадаас гаралтай энэ төрөл рүү ер нь залуучууд маш их хичээллэж, тэр ч хэмжээгээр амжилт гаргаж байна л даа. Бид нар дэлхийн холбоодын чиг хандлагыг ер нь анзаарч харж байгаа. Миний хувьд тэмцээн уралдаанд очих бүртээ л энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Олон улсын холбоодуудтай уулзалт хийгээд л, санал солилцоод гардаг л даа. Ер нь ямархуу бодлого барьж байна, бидний хувьд оролцох ямар боломж байна ч гэдэг юм уу. Мөн Монголдоо ганц хоёр тэмцээн хүлээгээд авчихъя ч гэдэг юм уу иймэрхүү оролдлогуудыг бол байнга хийдэг.
-Спорт бол тэр л чигтээ асар их золиос шаарддаг гэхэд хилсдэхгүй. Зардал санхүүгээс авхуулаад, тамирчны ар гэрийн асуудал гэх мэт. Тэр дотроо эмэгтэй тамирчны нийгмийн амьдрал бараг тэр л чигтээ орхигддог. Иймээс хэрэглэл өндөртэй спортод тамирчин бүх зүйлээ л бүрэн зориулах хэрэгтэй болдог?
-Яг онож асуулаа. Эмэгтэй тамирчдын нийгмийн амьдрал үнэндээ л орхигддог. Спорт өөрөө тууштай байх чанарыг шаарддаг. Гэтэл тэдэнд өөрөө л бүх зүйлээ зохицуулж явах хүндхэн сонголт тулгардаг даа.
Гэхдээ тууштай бэлтгэл сургуулилтаа хангаад, уйгагүй хөдөлмөрлөж яваа олон сайхан тамирчин бий. Тухайлбал Олон улсын хэмжээний мастер Б.Нарантуяа маань байна.
Анх л энэ тамирчнаа дэмжээд, өөрөөсөө хувиараа зардал мөнгийг нь дагаад тэмцээн, уралдаанд оролцуулдаг байлаа. Харин үр дүнд нь өдгөө манай тамирчинг тив, дэлхийн хэмжээнд мэддэг боллоо. Өөрөө шагналын мөнгөөрөө ч амьдрал ахуйдаа бодитой хөрөнгө оруулалт хийж байна. Энэ л дасгалжуулагч миний хувьд басхүү холбоогоо ахалж буй хүний тухайд энэ спортод сэтгэл зүрхээ зориулан өдийг хүртэл явж ирсний бодит үр дүн гэж харж сууна даа. Том тэмцээн уралдааны шагналын сан өндөртэй байдаг. Ийм ч учраас манай тамирчид үр өгөөжөө хэдийнээ хүртээл эхэлчихсэн. Сэтгэл нэг тийм дүүрэн мэдрэмж төрдөг дөө.


-Энэ онд баг тамирчдыг ямар тэмцээн уралдаан хүлээж байна вэ?
-2026 оны 08 дугаар сард Энэтхэг улсад дэлхийн аварга шалгаруулах тэмцээн бий. Тус тэмцээнд манай шилдэг топ тамирчид өрсөлдөнө. Цаашдаа манай холбооноос залуу хойч үеэ дэмжих, тэднийг тууштайгаар гаргаж ирэх бодлого дээрээ илүү төвлөрч ажиллана.
Ярилцсанд баярлалаа.




Видео ярилцлага дэлгэрэнгүй үзэх линк:








