
Үндэсний их баяр наадам болоход 19 хоног үлдлээ.
Гэтэл бид сарын хугацаанд Б.Бат-Өлзий заанд “Улсын арслан цол нөхөж, олгох уу” гэдэг асуудлаар улсаараа хоёр хуваагдаж талцлаа.
Тодруулбал, Үндэсний их баяр наадмын тухай хуульд УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар нарын 41 гишүүн мөн П.Сайнзориг нарын 19 гишүүн нэмэлт өөрчлөлт оруулах санаачилга гаргаж, хуулийн төсөл өргөн барьсан билээ.
Ер нь 2021 оны наадмаас хойш жил бүр Үндэсний бөхийн баяр наадмын өмнө цол олгохтой холбоотой асуудлыг сөхсөөр байгаа билээ.
Үүгээр зогсохгүй тухайн жил 21 аймгийн наадмын бөхийн барилдаан, морины уралдааныг нөхөн тэмдэглэсэн бөгөөд уяач, харваач, бөхчүүд бүгд цол чимгээ хүртсэн.
Тэгвэл цол олгохтой холбоотой энэхүү асуудал Б.Бат-Өлзий зааны сэтгэл зүйд хэрхэн нөлөөлж байгаа талаар мэргэжлийн сэтгэл зүйчээс тодрууллаа.
Спортын сэтгэл зүйч Т.Энхбилэг:
“Тархи, харсан, сонссоноо мартахгүй. Өөрийнх нь хувьд чухал тэмцээний өмнө аливаа мэдээ, мэдээллийг аваад бодно гэдэг тэр хувиараа амжилтыг нь багасгах аюултай. Чухал тэмцээн гэж наадмыг онцлох нь тамирчдын хувьд буруу.
Уг нь тамирчдын хувьд бэлтгэл болгон нь наадам шиг хамгийн чухал тэмцээн байх ёстой байдаг. Ингэснээр тамирчдын сэтгэл зүй жижиг асуудалд “бүдрэхгүй” тогтвортой байдаг.
Тэгж бэлтгэлээ хийгээгүй тамирчид наадам болохоор мэдрэг болчихдог. Өөрөөр хэлбэл, “Цол авна, цол ахиулна” гэдэг хүлээлт байгаа болохоор аливаа зүйлд эмзэг болчихдог гэсэн үг.
Монголд одоогоор спортын сэтгэл зүй, хоол зүй тэр дундаа нойрны чанар зэрэг дэмжих процессуудыг ойлгохгүй байгаа нь наадмын өмнө бүх зүйл овоордог.
Тухайлбал, стресс, дарамтаа дийлэхгүй хамгаас сайн чаддаг зүйлээ ч чадахгүй болох аюул тулгараад байна.
Жишээлбэл, монголчууд ач холбогдол өгдөг тэмцээнд “Манай энэ хүн баттай цолонд хүрнэ, аварга авна” гэчихээр тамирчны тархи нь түрүүлээд явчихдаг гэсэн үг.
Гэтэл одоо цагт би яаж сайн байх уу гэж бүх төвлөрлөө өөртөө анхаарал хандуулах ёстой цагт нь ирээдүйг бодоход нь хүргэж байна.
Б.Бат-Өлзий зааны тохиолдлоос харвал асуудал нь шийдэгдэхгүй удсанаар өнгөрсөн болон ирээдүй цагт анхаарахад хүргэж байгаа нь амжилтаас нь хамгийн их хойш татаж байна. Өөрөөр хэлбэл, энэ нь амжилтын магадлалыг бууруулдаг үзэгдэл”








