
2026 оны эхний долоон сарын байдлаар Зөрчлийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд улсын хэмжээнд нийт 5,202,315 зөрчил бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 1.3 дахин өссөн үзүүлэлт байна. Үүнээс 709,503 зөрчил нь зөвхөн долоодугаар сард шинээр бүртгэгджээ.
Долоодугаар сард бүртгэгдсэн нийт зөрчлийн 88.4 хувь нь нийслэлд, 11.6 хувь нь орон нутагт бүртгэгдсэн байна.
Шалган шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлсэн байгууллагуудаас 98.7 хувийг Цагдаагийн байгууллага, 0.07 хувийг Гадаадын иргэн, харьяатын газар, 0.05 хувийг Гаалийн байгууллага, 0.02 хувийг Нийгмийн даатгалын байгууллага, 0.01 хувийг Татварын байгууллага, харин 0.2 хувийг бусад байгууллагын эрх бүхий албан тушаалтнууд тус тус явуулжээ.
Нийт бүртгэгдсэн зөрчлийн 97.7 хувийг газар дээр нь шийдвэрлэсэн бол 0.8 хувийг хялбаршуулсан журмаар, 0.1 хувьд эрх бүхий албан тушаалтан зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулан шийтгэл оногдуулжээ. Мөн 0.4 хувьд нь шүүхээс шийтгэл оногдуулан эцэслэн шийдвэрлэсэн байна.
Зөрчил үйлдсэн 670,187 иргэн, 31,914 хуулийн этгээдэд шийтгэл оногдуулсан байна. Энэ нь өмнөх сартай харьцуулахад иргэдэд оногдуулсан шийтгэл 21 хувиар, хуулийн этгээдэд оногдуулсан шийтгэл 17.8 хувиар тус тус буурсан үзүүлэлт юм.
Эрх бүхий албан тушаалтны явуулсан зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааны хүрээнд шийтгэл оногдуулсан холбогдогчдын 77.9 хувь нь эрэгтэй, 22.1 хувь нь эмэгтэй байсан бөгөөд насны бүлгээр авч үзвэл 36-45 насныхан 28 хувийг эзэлжээ.
Зөрчлийн улмаас иргэн, хуулийн этгээд болон төр, нийтийн ашиг сонирхолд нийт 5.5 тэрбум төгрөгийн хохирол учирснаас 2.8 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлсэн байна.
Долоодугаар сард зонхилон бүртгэгдсэн зөрчлүүдийг өмнөх сартай харьцуулахад:
- Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих 681,956 зөрчил бүртгэгдсэн нь 20.3 хувиар,
- Олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах 10,414 зөрчил 5.1 хувиар,
- Автотээврийн тухай хууль зөрчих 2,199 зөрчил 26.4 хувиар,
- Жолоочийн даатгалын тухай хууль зөрчих 2,041 зөрчил 34.7 хувиар,
- Хүний биед халдах 763 зөрчил 11.9 хувиар тус тус буурсан байна.







