
Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн 2026 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцлээ.
1.Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам (ЭЧХН)-ын оноосон нэрийг “Эрх Чөлөө нам” (ЭЧН) болгон өөрчлөх, үүнтэй холбогдуулан намын дүрэмд оруулсан өөрчлөлтийг бүртгүүлэх тухай өргөдлийг хэлэлцээд бүртгэхээр шийдвэрлэв.
2.Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн 2026 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 34 дүгээр захирамжаар байгуулагдсан Ажлын хэсгийн дүгнэлтийг хэлэлцээд Монгол Улсын дээд шүүхэд бүртгэлтэй улс төрийн намын жагсаалтыг шинэчлэн батлах, дээрх жагсаалтад бүртгэгдээгүй Улс төрийн намын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 2 дугаар зүйлд заасан хугацаа /2025 оны 12 дугаар сарын 31/-ны дотор намын дүрмээ хуульд нийцүүлэн шинэчлэн бүртгүүлэх өргөдөл ирүүлээгүй Монголын Либерал нам, Монголын эмэгтэйчүүдийн үндэсний нэгдсэн нам, Ард түмний нам, Хамуг Монголын Хөдөлмөрийн нам, Монгол шинэчлэлт нам, ШИНЭ нам, Зүй ёс нам, Ардчилал шинэчлэлийн намыг Улсын дээд шүүхэд бүртгэлгүйд тооцохоор тогтож, улмаар намын эд хөрөнгө, төлбөр тооцоотой холбоотой бусад асуудлыг Улс төрийн намын тухай хууль болон Иргэний хуулийн дагуу шийдвэрлэхэд энэхүү тогтоол саад болохгүйг дурдав.








