
ОХУ-ын Сонгуулийн төв хороо өнгөрсөн амралтын өдрүүдэд ОХУ даяар болж өнгөрсөн төрийн думын сонгуульд саналаа өгсөн нийт сонгогчдын 58.42 хувийнх нь саналын хуудсыг тоолж дуусаад байна. Урьдчилсан байдлаар “Единая Россия” нам нийт сонгогчдын 57.88 хувийн саналыг, КПРФ 13.71 хувь, ЛДПР 8.67 хувь, “Новые люди” 7.84, “Справедливая Россия” 5.10 хувийн саналыг тус тус авчээ. Түүнээс гадна нэг мандаттай 225 тойргийн 201-д нь “Единая Россия” намын гишүүд тэргүүлжээ.
ОХУ-ын парламент буюу төрийн дум нь 450 гишүүнтэй бөгөөд энэ удаагийн сонгуулиар думын гишүүдийн тал нь нэг мандаттай тойргоос сонгогдох бол нөгөө тал нь намын жагсаалтаар орж ирэх аж. Саналын хуудаснуудыг тоолох үйл явц даваа гарагийн өглөө дуусах төлөвтэй байгаа ч сонгуулийн албан ёсны дүнг ирэх баасан гарагаас нааш зарлахгүй аж.
Энэ удаагийн сонгуулийн ирц 57 орчим хувийн үзүүлэлттэй гарсан нь 1993, 2016 болон 2021 оны сонгуулийн ирцийг давсан болохыг Оросын Сонгуулийн Ерөнхий хороо онцолжээ.
Түүнчлэн өнгөрсөн амралтын өдрүүдээр ОХУ-ын бүрэлдэхүүн Бүгд Найрамдах Тува Улс, Мордовын Бүгд Найрамдах Улс, Бүгд Найрамдах Чечень Улс, Белгород муж, Брянск муж, Тверь муж, Пенза мужид орон нутгийн тэргүүнийг сонгох сонгууль болж өнгөрсөн ба сонгуулийн дүнгээр дээрх бүс нутгийн иргэд одоогийн удирдлагуудаа дахин сонгосон байна.










