
Баян-Өлгий, Увс, Ховд, Сэлэнгэ, Төв, Говь-Алтай аймгуудад шүлхий өвчин гараад байгаа билээ. Эдгээр аймгуудын өвчлөл гарсан бүс нутагт хорио цээрийн дэглэм тогтоогоод буй. Шүлхийн хэд, хэдэн хэвшил байдгаас Монголд өмнө нь бүртгэгдэж байгаагүй “SAT-1’’ хэвшил хэд, хэдэн аймагт бүртгэгдээд байгаа юм. Шүлхийн тархалт махны үнэд нөлөөлөх эсэх, вакцинаа аль улсаас худалдан авахаар гэрээ хэлэлцэл хийж буй зэрэг цаг үеийн асуудлаар ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбатаас тодрууллаа.
-Шүлхийн вакцинаа аль улсаас авах вэ?
-Баян-Өлгий, Ховд аймгуудад “SAT-1’’ хэвшлийн шүлхий гарсан. Өмнө нь манайд О хэвшил л гардаг байсан. Сэлэнгэ, Төв аймагт гарсан шүлхий О хэлбэрийнх. Сэлэнгэ аймгийн Хушаат суманд хонинд гарсан.
Шүлхийн тархалтыг вакцинаар л зогсооно. Гэхдээ вакцины масс үйлдвэрлэл дараалал ихтэй байна. Бид ОХУ, БНХАУ-д санал тавьсан. ОХУ долдугаар сарын 10 гэхэд эхний сая тунг авна. Мөн БНХАУ-аас нэг сая тун вакцин лхагва гарагт татан авч, вакцинжуулалтаа зургаадугаар сарын 20-ноос эхлүүлэхээр төлөвлөж байна. Эхний ээлжид Ховд, Баян-Өлгий аймгийн үхрийг 100 хувь вакцинжуулна. Тухайн хоёр аймагт вакцинжуулалт хийхэд шаардлагатай 50, 50 сая төгрөгийг шийдэж өгсөн. Вакцинаа ирэхээр яаралтай хүргүүлнэ. Мөн Увс аймгийн таван сумын үхрийг 100 хувь вакцинжуулна.
Зургаадугаар сарын 20 гэхэд вакцинжуулалтаа эхлүүлнэ гэхээр 14 хоногийн дараа буюу долдугаар сарын 3,4 хавьцаа дархлаа үүснэ.
-Нийт хэчнээн мал хорогдоод байгаа вэ?
-Сүүлийн 10 жилд шүлхийгүй жил байсангүй. Шүлхий гараад байгаа учраас монгол махаа түүхийгээр нь биш боловсруулж гаргаад байгаа. Бог малаа вакцинжуулна гэвэл улсын төсөв чинь даахгүй. 23-24 сая хонь байна. Хавар, намартаа вакцинжуулна гэвэл 100 сая тун вакцин хийж таарна. Бод малын тухайд огт устгал хийхгүй байж байгаад “SAT-1’’ хэвшилтэй мал дээр устгал хийж байгаа. Одоогоор 1500 орчим толгой мал устгачихсан байна. Үүнийхээ нөхөн төлбөрийг олгоно. Харин бог мал дээр устгал хийгээгүй.
-Увс аймгийн тухайд наймдугаар сарын 01 хүртэл овооны наадам, баяр наадам гээд олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулахыг хориглосон байна лээ. Энэ мэтээр аймгууд баяр наадмаа хийж чадахгүй нөхцөл байдалд хүрэх юм биш биз сайд аа?
-Бидний хувьд вакцинаа хурдан хийж, улсын баяр наадмаар хөл хориогүйгээр монголчууд маань сайхан баярлах энэ нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө ажиллаж байна.
-Шүлхийтэй мах хот руу орж ирэхгүй байх тал дээр хэрхэн анхаарч байгаа вэ?
-Орж ирэхгүй гэж найдаж байна. Бүх зах, худалдааны төвүүд дээр л байгаа.
-Нөөцийн мах олдохгүй байна сайд аа. Зургаадугаар сарын 15-наас махны үнэ бууна гэсэн буусан уу?
-Одоогоор 300-иад тонн нөөцийн мах байна. Өдөртөө 14 тонн мах 100 гаруй цэгт хүргэгдэж байгаа. Үхрийн махыг 15 мянгаар, хонины махыг 13 мянгаар борлуулж байгаа. Дэнжийн 1000 дахь нөхцөл байдлын мэдээллийг бодит цагаар нь авч байгаа. Баруун аймгаас махны нийлүүлэлт зогссонтой холбоотойгоор өнгөрсөн долоо хоногийн даваа гарагт махны үнэ нэлээн өссөн. Хонины мах 23-24 мянгантай байсан. Харин өнөө өглөө мэдээлэл авахад хонины махыг 20,500-аар борлуулж байна. Ер нь бол махны үнэ буух тал руугаа байна. Баруун аймгуудын хөл хорио тавигдахаар нийслэл рүү орж ирэх махны хэмжээ нэмэгдэнэ.








