
Монгол Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооноос зохион байгуулж буй “Нийслэлийн 2024-2026 оны төсвийн зарцуулалт, хөрөнгө оруулалтын төслүүдийн хэрэгжилт холбогдох хууль тогтоомжид нийцсэн байдал” сэдэвт ерөнхий хяналтын сонсгол Төрийн ордонд эхэллээ. Хоёр өдөр үргэлжлэх уг сонсголын эхний өдөр нийслэл хотын төсөв, хэрэгжүүлж буй 16 мега төсөл зэрэг Улаанбаатар хот, төсөв санхүүг том зургаар нь харж шинжээчдийн дүгнэлт дээр үндэслэн ярилцлаа.
Тэгвэл шинэхэн томилогдсон Хотын дарга Б.Пүрэвдагваас Улаанбаатар хотын төсөв, тэр дундаа жилийн 4 улиралд хэзээ ч бэлэн болдоггүй зам, барилгын ажлын талаар тодрууллаа.
Нийслэлийн 2024-2026 оны төсвийн асуудлаар сонсгол УИХ дээр зохион байгуулагдаж байна. Өнгөрсөн хугацаанд Нийслэлийн төсөв 10 дахин нэмэгдэж түүхэнд байгаагүй өндөр төсөвтэй байсан боловч төсвийн мөнгө буюу татвар төлөгчдийн мөнгө хэрхэн зарцуулагдаж байгаа талаар мэдээлэл дутмаг хаалттай байгаа нь өнөөдрийн эргэлзээг үүсгэх гол асуудал болж байна. Энэ талаар та мэдээлэл өгөөч?
-Нийслэлийн төсөв өргөжсөн гол шалтгаан нь нийслэлийн эрх зүйн хууль батлагдаж, нийслэлд тулгамдаад байгаа утаа, түгжрэл дэд бүтцийн хүртээмжгүй байгаа энэ асуудлуудыг шийдэх зөвхөн төсвийн хөрөнгөөр биш бусад хөрөнгийн эх үүсвэр бонд, үнэт цаас гаргах байдлаар шийдэх, төр хувийн хэвшлийн түншлэлээр шийдэх боломж бололцоо бүрдсэн. Үүнтэй холбоотойгоор нийт дүн өндөр харагдаж байгаа. Ер нь мэдээллээ иргэдэд ил тод, нээлттэй өгөөд явах нь зүйтэй гэсэн байр суурьтай байна. Тийм ч учраас нийслэл дээр явагдаж байгаа томоохон хөтөлбөр, арга хэмжээ, зарлагдсан тендер мега төслүүдийн хэрэгжилт, ямар гүйцэтгэгч байгууллага шалгарсан, ямар гүйцэтгэлтэй явагдаж байгаа гэдэг дээр ил тод нээлттэй платформ 6-р сарын 25-нд иргэд рүү нээлттэйгээр нэвтрээд явна.
Таны хувьд хотын даргаар ажиллахад хэр нээлттэй хотын дарга байх вэ? Өнгөрсөн хугацаанд бол нийслэлийн шилэн дансны мэдээллүүд хаалттай иргэдийн итгэлийг алдах гол шалтгаан болсон шүү дээ?
-Ер нь нийслэлийн шийдвэрүүд хамтын шийдвэрээр нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаар гараад явж байгаа.
Нэгдүгээрт, НИТХ нээлттэй ил тод мэдээлэл өгөх
Хоёрдугаарт, Миний хэлсэн платформоор дамжуулаад Ulaanbaatar.mn-ээр нийслэлийн төсөвтэй холбоотой хөтөлбөрүүдтэй холбоотой, арга хэмжээнүүдтэй холбоотой бүх мэдээллүүдээ ил тод нээлттэй өгөөд явна. Анх би ажлаа хүлээж авахдаа ч хэлж байсан иргэдийнхаа дэргэдээс ил тод нээлттэй ажиллана гэсэн зарчим дээрээ хатуу байр суурьтай ажиллаад явна.
Одоо бол нийслэлийн төсвийг үр ашиггүй зарцуулаад байна гэсэн шүүмжлэлүүд яваад байна. Зүгээр байгаа бродюрыг сольж , явган замыг хуулж, байна гэсэн шүүмжлэлүүд байна. Таны хувьд зам, бродюрын асуудал дээр хяналт тавьж байгаа юу?
-Нийслэлийн дотоод аудитын газраас дотоод аудитын шалгалтыг оруулаад дүгнэлт гарчихсан байгаа. Удахгүй танилцуулах болно. Бродюрын асуудал дээр хяналт гаргая гэсэн бодолтой байна. Зүгээр байгаа бродюрыг хуулаад байж болохгүй. Мэдээж замын стандарт байгаа бол түүнийг хийнэ. Дараагийн шинэ технологи орж ирж байгаа нь бид хуучин 15 см өндөрлөдөг бродюрын технологитой байсан. Одоо бол доошоо ухдаг технологийг нэвтрүүлж эхэлснээр дахиж бродюр солих асуудал гарахгүй. Сая замын голд байсан бродюрыг зассан тэр зам бол дэлхийн банкны хөрөнгө оруулалтаар хөнгөлөлттэй тусламж, зээлээр хийж байгаа зам. Стандартаа бол дэлхийн банк цаанаас нь тавьдаг учраас бродюруудыг дахин ашиглах байдлаар өөрчлөлт орсон.
Өнөөдөр нийслэлд багагүй хэмжээний бороо орлоо. Борооны ус зайлуулах шугам хоолой дутмагаас болоод зам дээгүүр их ус тунах, явган хүн зорчиход хүндрэлтэй болох байдал үүсснээр шүүмжлэл дагуулдаг. Таны хувьд борооны ус зайлуулах шугамыг хэрхэн нэмэгдүүлэхээр ажиллаж байна вэ?
-Манай нийт ус суваг байгууламжийн 70 хувь нь 1990 оноос өмнө хийгдсэн насжилт өндөртэй ус суваг далангийн байгууламжууд байдаг. Ажлаа хүлээж авангуутаа үерийн эрсдлээс хамгаалах чиглэлээр 185 цэг дээр очиж ажилласан газар дээр нь арга хэмжээ авсан. Эрсдэлтэй 41 газарт 35 мотофомп худаг байгуулсан. Өнөөдөр мотофомпууд ажиллаад эхэлсэн. Яг өнөөдрийн байдлаар СХД 18 болон 20 дугаар хороо нь дээр хоёр дуудлага ирсэн. Барилга байгууламжийн газар, онцгой байдлын газар очиж ажилласан. Ер нь иргэддээ хэлэхэд нийт олон жилийн дунджаас хур тунадас их орох төлөвтэй байна. Үер усны аюулаас болгоомжлохыг иргэдээсээ хүсэж байна. Үерийн эрсдэлтэй бүс, далан сувгууд дээр буучихсан 1900 орчим айл өрх байна. Бид нүүлгэн шилжүүлэх мэдэгдэх хуудас хүргэсэн. Заримыг нь албадлагаар нүүлгэн шилжүүлж байгаа ажлууд байна.

1966 онд бууж байсан шиг их хэмжээний үер буувал нийслэл хэр бэлэн байгаа вэ?
-Бид шинжилгээ хийлгэж үзсэн. Үерийн эрсдэл 2.65-ийн үнэлгээтэй байна. Энэ бол маш их гэсэн үзүүлэлт. Энхтайвны гүүрнээс урагшаа маш хүнд байдалтай байна. Тийм учраас бид нэгдүгээрт: урьдчилсан сэргийлэх. Хэрвээ онц ноцтой нөхцөл байдал үүсвэл онцгой байдал болон аврах албаа бэлэн байдалд оруулсан. Ер нь бол маш эрсдэлтэй зун бидний өмнө байгаа гэдгийг хэлмээр байна.
Сүүлийн үед нийслэлчүүдийн бухимдлыг төрүүлээд байгаа скүүтэр, мопед, сурроны хөдөлгөөн байна. УИХ дээр хууль батлагдсантай холбоотойгоор хэрхэн зохицуулах вэ? Сүүлд бас таны захирамж гарчихсан байсан. Аж ахуй нэгжүүд үйл ажиллагаагаа түр зогсоох захирамжын хэрэгжилтийн талаар?
-Авлигатай тэмцэх газраас бидэнд албан даалгавар ирсэн. Үүний дагуу бол засаг даргын захирамж гарсан. Мэдээж маш олон аж ахуй нэгжүүд хөрөнгө оруулалт хийгээд ойролцоогоор 30 орчим мянган мопед, скүүтэрүүд орж ирсэн. Хувийн хэвшлээ бас бодох ёстой. Тийм учраас нийслэлийн зүгээс замын хөдөлгөөнйи аюулгүй байдлын тухай хуультай холбоотойгоор 7-р сарын 1 нээс иргэд яаж хөдөлгөөнд орох вэ гэдгийг тодорхой болгох нь нийслэлийн ажил шүү дээ. Тийм учраас бид 3км замыг Улаанбаатар хотын 6 дүүрэгт дугуйн зам тавьж байна. Явган зорчигчид маань явган хүний зам дээр явахад маш айдастай болчихоод байна. Тэгэхээр бид зохицуулалтуудаа маш тодорхой болгоно. Дугуй, суррон, мопед явахад зориулагдсан тусгай замуудыг гаргаж өгнө.
2.4 их наядын алдагдалтай төсөвтэй болчихсон байна. Энэ алдагдал нь нэгдсэн төсөвт дарамт хүндрэл учруулна гэж сангийн сайд мэдэгдсэн. Хотын төсөвөө дахин тодотгохдоо та таналт хийх үү? Мега төслүүдээ эрэмбэлэх үү?
-Мега төслүүдээ эрмбэлэх асуудлаа төсвийн тодотголоор оруулах гэж хичээлээ. Гэвч мега төслүүдтэй холбоотой хууль хүчний байгууллагын шалгалтууд явж байгаа. Тийм учраас энэ дүгнэлт хамгийн сүүлийн зөвлөмж гарснаас хойш хөдлөхгүй бол бид нарт төсөв дээр суусан мөнгийг дураараа хөдөлгөх эрх нь байхгүй. Нөгөөдөр орох гэж байгаа төсвийн тодотгол бол өвөлжилтйн бэлтгэл ажил, шатахууны үнийн өсөлт холбоотой нэмэлт саналуудыг тооцсон. 2026 оны намар ашиглалтанд орох боломжтой 5 нь сургууль 1 цэцэрлэгийг яаралтай оруулахад чиглэсэн.
Мөн заавал 2027 оныг хүлээх биш энэ намартаа оруулах боломжтой, 7 байршлын 5.7 километр зам түгжрэлийг бууруулах шаардлагатай бүсүүд рүү тавих зэрэг багтсан байгаа. Тандалтын төсвийн тодотгол 8 сард орохоор төлөвлөж байгаа. Яагаад гэвэл хууль хяналтын байгууллагын шалгалт дууссан байх ёстой. Бидний зүгээс 16 мега төсөл эрэмбэлэчихсэн байгаа. Энэ нь дээр бол нийслэлийн мөнгө улсын мөнгө гэж байхгүй. Татвар төлөгчдийн мөнгө байгаа учраас засаг даргын барьж байгаа өнцөг бол татвар төлөгчдийн мөнгийг нийслэл хотдоо амьдрахад ямар асуудлуудыг нэн тэргүүнд шийдэх вэ гэдэг эрэмбэ дараалалтайгаар шийдэж явна.
Бондоо төлөхдөө нийслэл бэлэн үү 7сарын 1 нээс?
-Бондоо төлөвлөгөөт хугацаагаараа төлөөд явж байгаа. Ямар нэгэн алдагдал байхгүй.
500 саяын бондоо ирэх онд бүтэн төлөх үү?
-Энэ дээр бол зохицуулалтууд байж болно. Заавал бүтэн төлөх алба байхгүй. 3 хуваан төлж болно. Тэгэхээр бид явж байгаа төслүүдийн процессоо харж байгаад хойшлуулах уу, цаг хугацаандаа төлөх үү, сунгах уу гэдгээ шийднэ.
Х.Нямбаатар даргын эхлүүлж байсан дүүжин тээвэр трамбай гээд төслүүд байгаа. Та энэ төслүүдийг хэрхэн үргэлжлүүлэх вэ?
-Хамгийн нэн түрүүнд шаардлагатай төслүүдийг явуулна. Дүүжин тээвэр 9 сараас туршилтынхаа зорчилтыг хийгээд эхэлнэ. Тэгэхээр энэ намар Улаанбаатар хотын хувьд анх удаа нийтийн тээврийн шинэ төрлөөр үйлчлүүлэх боломж бүрдэнэ. Туулын хурдны замын асуудал хууль хүчний байгууллагууд дээр явж байгаа. Энэ шийдэгдэхээр туулын хурдны замын асуудлын шийдвэрээ нийслэлээс зарлана.
НИТХ-д өөрсдөө хяналтаа хийхгүй хотын даргаасаа цалин аваад дарга болчихсон 48 хүн байна л даа. Энэ нь засаглалын хямралыг нийслэл рүү оруулчихсан байна аа. Даргын суудлаас нь иргэдийн төлөөлөгчдийг чөлөөлөх үү?
-Энэ тал дээр хууль зөрчсөн асуудал байхгүй. Би өөрөө төлөөлөгч байсан хүн. Иргэддээ маш их амлалт өгч сонгогдож гарч ирдэг. Тэр амлалтаа гүйцэтгэхийн тулд гүйцэтгэх засаглалд орж ажиллаад үүсдэг давуу талууд бий. Тийм учраас балансыг барих ёстой.
Нийслэлийн харьяанд байдаг газрууд түрээсийн хамгийн үнэтэй оффисуудад суусан байдаг. Энэ асуудлыг хэрхэн цэгцлэх вэ?
-Энэ асуудал дээр засаг даргын зөвлөлийн хурал дээр чиглэл өгөөд ажлын хэсэг ажиллаж байгаа. Нийслэл өөрийнхөө өмчид бусад аж ахуй нэгжүүдийг хямд түрээсээр суулгадаг мөртлөө манай төрийн өмчид болон нийслэлийн өмчид байгууллагууд том tower-уудад үнэтэй түрээс төлж байгаа нь зарчимд нийцэхгүй байгаа. Хамгийн түрүүнд өөрийн өмчийн байгуулагууд руу татна. Шаардлагагүй байгууллагууд татан буугдаад ирвэл урсгал зардлууд аяндаа багасаад явна.
Махны үнийн асуудал дээр та ямар арга хэмжээ авах вэ?
-Махны асуудлыг бол өргөн хүрээнд харах хэрэгтэй. Өнөөдрийн байдлаар бол махны үнэ килограмм тутамдаа 1500-2000 төгрөгөөр хямдарсан. Нийт нөөцийн мах бол 340 тонн мах байсан. Бид өнгөрсөн долоо хоногийн засаг даргын зөвлөлийн хурал дээр өдөрт 15 тонн нийлүүлж байгаа махыг 25 тонн нийлүүлэх зохион байгуулалтыг хийсэн. 3 хоногийн дотор үр дүн гарч байна. Шүлхийн асуудал бас маш их нөлөөлж байна. Төв аймгийн Сэргэлэн суманд гарсан гэдэг чинь бидний хаяанд ирчихээд байна. Мөн 2023 оны зудтай холбоотой. 71 сая байсан мал 56 сая руу орж ирсэн. 56 саяас мах нийлүүлэлтэд 16 саяыг зарцуулах боломжтой. Үлдэж байгаа нь хээлтүүлэгч болон хээлтэгч мал байгаа. Энэ 16 сая дээрээ зөв зохион байгуулалтад хийх шаардлагатай. Баруун аймгуудын жин алдалт өвөл 48 хувь хүртэл, зүүн аймаг 28 хувь хүртэл байдаг учраас бид зүүн аймаг руу хандсан зохион байгуулалтыг хийх шаардлагатай байна.
Дөрвөн улирлын хүлэмж байгуулна гэж ярьж байна. Энэ хувийн хэвшлийн ажлыг булааж байгаа юу?
-Энэ хувийн хэвшлийн ажил руу дайрч байгаа хэрэг биш. KOICA байгууллага 13 сая ам.доллор гаргаж өгөөд хувийн хэвшлүүдэд боломжийг гаргаж өгч байгаа. Нийслэлийн иргэд 4 улирлын турш шинэ ногоо идэх боломжийг бүрдүүлж байгаа. Хувийн хэвшлийг дэмжсэн төсөл болохоос төр өөрөө хийж байгаа тухай асуудал биш. Нийслэлийн төсвөөс нэг ч төгрөг гарахгүй гэв.
Буулгасан: Ч.Энхзул








