
“The Voice of Mongolia” шоуны гуравдугаар улирлын ялагч, “Sing Asia” олон улсын шоу тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцсон дуучин Г.Даваадалайг онцолж байна. Тэрбээр багаасаа тайзны айдас ихтэй байсан ч Ковидын өмнө Хятад улсад суралцдаг байхдаа сургуулийнхаа дууны тэмцээнд оролцсоноор урлагийн гараагаа эхэлж байжээ. Тэгвэл дуучин Г.Даваадалай “Cosmic ocean” нэртэй дебют тоглолтоо зургаадугаар сарын 19-нд хийх гэж байна. Ингээд түүнтэй ярилцсанаа хүргэе.
-Дуучид дуу хоолойгоороо дамжуулан хүмүүст мэдрэмжийг түгээдэг. Тэгэхээр мэдрэмжийг түгээдэг хүмүүсийн дотор ямар мэдрэмжтэй байдаг вэ?
-Хүмүүс миний дууг сонсоод мэдэрч, автаж байгааг нь харах юугаар ч зүйрлэмгүй өвөрмөц мэдрэмж төрдөг. Дуугаар дамжуулан сэтгэл зүйн баяртай, гунигтай бүх мөчийг нь хөглөж чадаж байгаа гэж бодохоор үнэхээр гоё байдаг. Иймдээ ч энэ мэдрэмждээ бүр дурлаад байгаа.
-Урлагийн хүний хувьд маш олон тайзанд гарч байсан биз ээ. Тэр дундаас таны хамгийн дурсамжтай тайзан дээр гарсан түүхээсээ бидэнтэй хуваалцахгүй юү?
-Багадаа тайзны айдас ихтэй байсан болохоор тайзан дээр гарч байсан дурсамж ховорхон байдаг. Тиймдээ ч “The Voice of Mongolia” шоунд оролцсоноор миний урлагийн гараа эхэлсэн гэж хэлж болно. Миний хамгийн дурсамжтай тайз гэвэл Ковидын үеэр Хятад улсад сурч байхдаа сургуулийн дууны тэмцээнд орсон тайз байсан. Тэр үед тайзан дээр гарахаар маш их ичдэг, нүдээ аньж дуулахаар мэдэрч дуулдаг байлаа. Ийм болохоор сандарч байгаад арын албаных нь хүмүүст “Намайг зарлаад гарч дуулахаар заалны гэрлийг бүгдийг нь унтрааж болох уу. Зөвхөн арын цэгэн гэрлүүд байж болох уу” гэж асуусан. Тэгтэл арын албаныхан яагаад гэж байна. Тэгэхээр нь би “Энэ бол миний гарч байгаа хамгийн анхны том тайз учраас сандраад байгаа юм аа. Ганцхан удаа л гэрлээ унтраагаад өгөөч” гээд гуйсан. Ингээд тайзан дээр гарахад харанхуй том зааланд однууд гэрэлтэж, миний хоолой цуурайтаад нэг ч хүн байхгүй ганцаараа дуулж байгаа юм шиг тайван мэдрэмжийг авсан. Яг л сансар огторгуй дунд миний хоолой цуурайтаж байгаа юм шиг… Одоо би анхныхаа тоглолтод тэрхүү мэдрэмжээ дахин мэдрээд, хүмүүс мөн хуваалцмаар байна.
-Өөрөөр хэлбэл, бусдад амьдрах итгэл найдвар, тайвшралыг дахин мэдрүүлэхийг хүсэж байна гэж ойлгож болох уу?
-Тэгэлгүй яах вэ. Бид жилийн 365 хоногийн дийлэнх хугацаанд багцлуулсан. Өөрсдийнхөө юу хүсдэг, юунд дуртай вэ гэдгээ хэзээ хамгийн сүүлд тухтай бодсоноо мартчихдаг. Нар, сар, оддыг харах тайван мөч ч байхгүй болсон. Бүгдээрээ л толгой бөгтийсөн, ажил руугаа яарсан хүн байна. Тэгэхээр яг л тэрхэн мөчид хэсэгхэн хугацаанд хорвоо ертөнц зогсох, тайтгарах мэдрэмжийг аваасай гэж хүсэж байна.
-Та юунд итгэдэг вэ?
-Ер нь хүн өөртөө итгэх ёстой юм билээ. Өөрөө өөртэйгөө байх хугацаа л олгох хэрэгтэй юм шиг санагдсан. Тэр үедээ өөрийн анзаараагүй бусдын, нийгмийн нөлөөллөөс болоод хоригдсон байгаа боломж, чадвараа олж хардаг. Аз жаргалтай байхаар эсвэл гижигдүүлэхээр гэгэлзээд байдаг шиг гоё ундраад эхэлдэг юм билээ.
-Ер нь дэлхийн хэмжээний тайзан дээр гарна гэж мөрөөддөг байсан уу?
-Үгүй ээ. Надад урлагаар амьдарна гэсэн ойлголт огт байгаагүй. “The Voice of Mongolia” шоунд ялагч болсноор манай гэр бүлийнхэн хүлээн зөвшөөрөөд “Миний хүү одоо урлагаараа амьдар даа” гэсэн. Тэр үед миний тархинд атомын бөмбөг дэлбэрэх шиг болсон. Зурагтаар л хардаг байсан хүмүүсийнхээ дунд би явж байна гэхээр төсөөлөгдөхгүй байсан.
-Тэгвэл төсөөлж байгаагүй амьдралаараа амьдрах ямар байна вэ?
-Хорвоо дээрх хамгийн азтай, аз жаргалтай юм шиг мэдрэмжийг өгсөн цаг мөчүүд ч байна. Хорвоо дээрх хамгийн азгүй амьтай мэт мэдрэмж төрсөн үеүд ч байдаг. Амьдрал ийм л байж урагшилдаг. Тэр болгоноос сурах зүйлээ сураад л явж байна даа.
–Ярилцсанд баярлалаа.
Г.ХЭРЛЭН








