
2022 онд мэдрэлийн гаралтай хөшингө хүний хам шинж нэртэй эмгэгээр оношлогдож, уг эмгэгийнхээ улмаас 2023 онд аялан тоглолтоо цуцалж, фенүүддээ өвчнөө ялан дийлж, тайзнаа эргэн ирнэ гэдгээ амлаж байсан Канадын алдарт дуучин Селин Дионы Европын хамгийн том битүү дээвэртэй La Défense цэнгэлдэхэд хийх 26 шоу тоглолтын эхний тоглолт өнгөрсөн бямба гарагт амжилттай болж өнгөрсөн байна.
Эрүүл мэндийн шалтгаанаас болж тайзнаасаа олон жил хөндийрсөн түүний La Défense цэнгэлдэх дэх анхны тоглолт баярын нулимс, сэтгэл хөдлөлөөр дүүрэн болж өнгөрчээ. Коронавирусийн цар тахлаас хойш буюу 2020 оноос хойш бүрэн хэмжээний тоглолт хийгээгүй тэрээр энэ оны 3-р сард Парис хотын La Défense цэнгэлдэхэд тоглолтоо хийх болсноо зарласан билээ.
58 настай Селин Дионы тоглолтын тасалбарын урьдчилан захиалгад 9 сая хүн бүртгүүлж, анх зарласан 16 тоглолтынх нь тасалбар зарагдаж дууссантай холбоотойгоор Селин Дион 2027 оны 5-р сард нэмэлт 10 тоглолт хийхээр болсон билээ. Дэлхийн супер од Селин Дион тайзан дээр ахин гарч, уран бүтээлдээ эргэн ирж байгаатай холбоотойгоор Парис хотын гудамж талбай, шөнийн клубүүд болон үйлчилгээний газруудад тусгай арга хэмжээнүүд зохион байгуулагдсаар байна.
Сена мөрний завинууд дээр Селин Дионы дуунууд эгшиглэж, хэн Селин Дионтай адилхан харагдах вэ, хэн түүний дууг сайн дуулах вэ нэртэй тэмцээн уралдаан явагдаж, өнгөрсөн баасан гарагт Парис хотын захиргаанаас зохион байгуулсан Селин Дионы дуунуудыг караокегоор дуулах арга хэмжээнд олон мянган хүн оролцжээ.










