
Мах магнаг болж, малчдын гараас нийслэлчүүдэд ирэхдээ ченжийн гараар дамждаг байсан бол одоо улс төрчдийн гараар дамжиж төрийн ордонд өлгөгдөж байгааг харвал үнэхээр магнаг боллоо.
УИХ дахь Ардчилсан намын бүлгээс өнгөрсөн 7 хоногт өрнүүлж, улс төрчдийг, гишүүдийг, эрх баригчдыг, Засгийн газрыг шахаанд оруулсан арга нь ч мах л байлаа. Тэрнээс өмнө Ерөнхий сайд Н.Учрал нь Хотын дарга Х.Нямбаатар ахыгаа унагасан арга нь ч мах л байлаа. Гэхдээ тэднийг хөнжилдөө хөлөө жийлцэж байхад хамгийн их хохирол амссан нь иргэд та бид. Хоногийн хоолны махаа идшээ дуусах цагаар үнэтэй худалдан авч, өрхийн зардлын дийлэнхийг махны үнэ идэж, инфляцыг 2 оронтой тоо руу оруулж чадсанд үнэндээ нөөцийн махаа дутуу бэлдсэн Х.Нямбаатар, Хүчит шонхороор явж, бууруулж чадахгүй байж хөөсөн амлалт өгч, нөгөөгөө намнасан Ерөнхий сайд Н.Учрал ч буруутай.
Гэвч өнгөрсөн 7 хоногийн ордны улс төр мөн л махаар үргэлжиллээ.
Ардчилсан нам боломжоо ашиглаж байна
Ардчилсан намаас сарын өмнө эцргийн амь эндсэн асуудлаас үүдэлтэйгээр Ерөнхий сайдыг Батлан хамгаалахын сайд Д.Батлуттайгаа хариуцлага тооц гэж бичиг хүргүүлсэн ч Ерөнхий сайд хариуцлага тооцох нь байтугай түүнд нь хариу өгөөгүйг УИХ дахь АН-ын бүлгийн зүгээс “хариуцлага тооцохгүй” гэсэн хариу гэж хүлээн авч Ерөннхий сайдыг өөрийг нь огцруулах шаардлага хүргүүлсэн. Үүнийхээ араас “махны” акц өрнүүлж төрийн ордон, УИХ-ын чуулганы танхимын үүдэнд үхэр, хонь, адууны махыг үнийн өсөлттэй нь хамт өлгөж, эдийн засагт үзүүлж буй хор нөлөөг хэвлэлийн хурлаараа танилцууллаа. Гэхдээ энэ нь зөвхөн нэг улстөрчийн хариуцлагын тухай асуудал биш болжээ. Харин эрх баригч МАН-ын дотоод тогтвортой байдал, сөрөг хүчний улс төрийн чадамж, цаашлаад 2028 оны сонгуулийн өмнөх хүчний шинэ хуваарилалтын эхлэл болж харагдаж байна.
Ерөнхий сайд Н.Учралыг огцруулах шаардлага нь бодит үр дүнд хүрэх эсэхээс үл хамааран АН-д хэд хэдэн ашигтай тал бий.
Нэгдүгээрт, сөрөг хүчний дүр төрхөө сэргээж байна.
Хоёрдугаарт, эрх баригчдыг хамгаалалтын байрлалд оруулж байна.
Гуравдугаарт, ирэх сонгуулийн өмнө эдийн засаг, татвар, төрийн хэмжээ зэрэг асуудлаар өөрсдийн улс төрийн мессежийг хүчтэй түгээх боломж бүрдүүлж байна.
Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайдыг үнэхээр огцруулах эсэхээс илүүтэйгээр эрх баригчдыг тасралтгүй хамгаалалтанд байлгах нь сөрөг хүчний бодит зорилго байж болох юм.
Н.Учрал бол шалтгаан биш, бай нь
Улс төрийн хүрээнд Ерөнхий сайдыг огцруулах шаардлага анх удаа гарч байгаа зүйл биш. Гэхдээ энэ удаагийн онцлог нь асуудал хувь хүний алдаа, нэг шийдвэрээс илүү өргөн хүрээний улс төрийн агуулгатай байгаа явдал юм. Сүүлийн саруудад эдийн засгийн өсөлтийн тухай албан ёсны үзүүлэлтүүд эерэг гарч байгаа ч иргэдийн амьдрал дээрх дарамт буурахгүй байна. Үнэ өсч, бизнесийн орчин хумигдаж, татварын ачаалал нэмэгдсэн. Ийм үед Ерөнхий сайд бол бодлогын нүүр царай болдог. Өөрөөр хэлбэл, иргэдийн бухимдал эцэстээ нэг хүний улс төрийн хариуцлагын асуудал болон төвлөрдөг жамтай. Тиймээс өнөөдрийн улс төрийн нөхцөлд Н.Учрал өөрөө шалтгаан биш, харин олон нийтийн бухимдлыг төвлөрүүлэх бай болж хувирсан гэж хэлж болно.
Эрх баригч МАН парламент дахь олонхын хүчээр Засгийн газраа хамгаалах бүрэн боломжтой. Гэвч улс төрийн эрсдэл нь санал хураалтад бус, олон нийтийн санаа бодолд оршиж байна. Хэрэв тэд шүүмжлэл бүрийг зөвхөн улс төрийн дайралт гэж үзсээр байвал иргэдийн дунд хуримтлагдаж буй бухимдлыг үл тоомсорлосон хэрэг болно.
Мөн Засгийн газрын томоохон төслүүдийн үр өгөөж иргэдийн өдөр тутмын амьдралд мэдрэгдэхгүй хэвээр байвал улс төрийн хамгаалалт улам хүндрэх эрсдэлтэй. Өнөөдөр МАН-д парламентын олонх байгаа ч улс төрийн дэмжлэгийг тогтвортой хадгалах хамгийн том сорилт нь эдийн засгийн үр өгөөжөө бодитоор харуулах явдал болоод байна.
Жинхэнэ тулаан одоо эхэлж байна
Өнгөрсөн долоо хоногийн үйл явдлуудыг харахад Н.Учралын асуудал бол улс төрийн ил харагдах хэсэг төдий юм. Үүний цаана эрх баригч намын засаглах чадамжид өгч буй үнэлгээ, сөрөг хүчний дахин сэргэх оролдлого, ирэх сонгуулийн өмнөх байрлал тогтоох ажиллагаа зэрэг томоохон процессууд өрнөж байна.
Тиймээс ойрын үед улс төрийн хэлэлцүүлэг “Н.Учрал огцрох уу” гэсэн асуултаас илүү “МАН итгэлээ хадгалж чадах уу”, “АН бодит хувилбар болж чадах уу” гэсэн асуулт руу шилжинэ. Улс төрийн бодит өрсөлдөөн чухам эндээс л эхэлж байна.









