
МҮБХ-ны Ёс зүй, сахилга хариуцлагын зөвлөлийн хуралдаанаар улсын арслан Р.Пүрэвдагвын барилдах эрхийг таван сараар, аймгийн арслан Я.Бумбаярын барилдах эрхийг нэг сараар тус тус хасах болсон билээ. Энэхүү шийдвэртэй холбоотойгоор аймгийн арслан Я.Бумбаяраас тодрууллаа.
Аймгийн арслан Я.Бумбаяр: Наадам дөхсөн үед барилдах эрхийг минь хассанд харамсаж байна. Өмнө нь ёс зүйн алдаа гаргаж байгаагүй болохоор МҮБХ шийдвэрээ эргэж харна гэж найдаж байна. Миний барилдах эрхийг нэг сарын хугацаанд хассанаас болж хэцүү л байна. Ганцхан улсын наадамдаа л барилдах нь. Улсын наадмаас өмнө олон барилдаан, аймгийн наадамд оролцож чадахгүй гэхээр харамсалтай байна. Уг нь энэ жил бэлтгэл сургуулилт жигдэрсэн давгүй байгаа болохоор улсын наадмаас өмнө ядаж аймгийнхаа наадамд барилдах төлөвлөгөөтэй байлаа. Зургаадугаар сарын 7-нд улсын арслан Г.Дэмүүлийн нэрэмжит барилдаанд оролцохдоо энэхүү ёс зүйн зөрчлийг гаргачихлаа. Тэр өдөр дүүтэйгээ хамт барилдсан юм л даа. Манай дүү сумын начин цолтой Буянтогтох гээд 17 настай залуу байдаг. Түүнийг нэгийн даваанд барилдаж байх үеэр засуул, хөлийн цэц нь ирээд “Бие дээр нь юм гарсан байна. Эмчид очиж үзүүл” гэсэн. Тэр үеэр нь би очоод эмчид нь “Псориаз гээд хайрст үлд гарсан юм аа. Одоо эдгээд гайгүй болж байгаа. Барилдуулаач” гээд гуйсан. Эмч болон хөлийн цэц, засуулууд ярилцаж байгаад “Элэг бүсээ тайлаад өг. Сайн эдгээгүй байна” гэсэн. Тэгэхэд нь би дүүгээ өмөөрч ахын хувьд хэдэн үг хатуухан хэлснээсээ болж эрхээ хасууллаа. Гэхдээ тэр үеэр Д.Цогзолдорж начнаас уучлал гуйгаад өнгөрсөн. “Дэмий зүйл хийчихлээ” гэж бодож байсан ч наадам дөхсөн үед арай ч эрх хасахгүй байх гэж итгэж байлаа. Гэтэл өчигдөр ийм шийдвэр гаргалаа. Бөхийн холбоонд өргөдөл өгөөд уучлал гуйсан, шийдвэрээ эргэж харна гэж найдаж байна.








