
Калифорнийн Купертино хотод байрлах Apple компанийн төв байран дахь Стив Жобсын нэрэмжит театрт Apple компанийн шинэ гар утас, төхөөрөмжүүдийг танилцуулах “Sunrise and Shine” арга хэмжээ болж өнгөрлөө.
Энэ удаагийн арга хэмжээ нь Apple компанийн шинэ гүйцэтгэх захирал Жон Тернусын хувьд анхных нь болж байгаа юм. Тэрээр энэ сарын 1-нээс албан ёсоор Тим Кукийн оронд томилогдсон юм. Ж.Тернус уг албан тушаалд томилогдохоосоо өмнө Apple компанийн техник хөгжүүлэлтийг хариуцсан захирлаар ажиллаж байсан юм.
Apple компанийн энэ жил танилцуулсан шинэ төхөөрөмжүүдээс олны анхаарлыг хамгийн ихээр татсан нь тус компанийн анхны эвхэгддэг гар утас iPhone Duo байв.
7.6 инчийн өргөнтэй дотор дэлгэц, 5.4 инчийн өргөнтэй гадна дэлгэцтэй iPhone Duo эвхэгддэг гар утас нь 48 мегапикселийн үндсэн хоёр камер, 12 мегапикселийн нүүрний камертай аж. Цэнэг барилтын хувьд iPhone Duo хоёр батарейтай тул цэнэгээ 24 хүртэлх цаг барина гэдгийг Apple онцолж байна.
Тус гар утсыг 10-р сарын 23-наас эхлэн борлуулах ба үнэ нь 1999 ам.доллароос эхлэх аж.
iPhone Duo-гоос гадна Ж.Тернус iPhone гар утасны шинэ загварууд болох iPhone 18 Pro болон Pro Max гар утаснуудыг танилцуулсан байна. Мөнгөлөг, хар өнгөнүүдээс гадна хөх, улаан хүрэн өнгөөр гарах тус гар утаснууд нь A20 процессороор ажиллах аж. Түүнээс гадна шинэ загварын утаснууд сайжруулсан хөргөх системтэй болсон тул өмнөх загваруудтай харьцуулахад халах нь бага байх аж. Цэнэг барилтын хувьд iPhone 18 Pro цэнэгээ 24 хүртэлх цаг, Pro Max загвар нь 30 хүртэлх цаг барина гэжээ.
Камерын хувьд төрөл бүрийн гэрэлтүүлэгтэй орчинд өнгө дүрсний өндөр чанартай зураг, бичлэг хийх хүчин чадалтай болсноос гадна iPhone 18 гар утсаар авсан гэрэл зургууд нь watermark буюу усан тамгатай болж байгаа ба үүгээр тухайн зураг бодит уу эсвэл хиймэл үү гэдгийг шалгаж болох аж.
iPhone 18 Pro болон Pro Max гар утасны борлуулалт энэ сарын 18-наас эхлэх ба iPhone 18 Pro гар утасны үнэ 1199 ам.доллароос, Pro Max загварынх нь үнэ 1299 ам.доллароос эхэлж байна.













