
Монголын үндэсний бөхийн холбооны Ёс зүй, сахилга хариуцлагын зөвлөл хуралдаж Улсын арслан Р.Пүрэвдагва, Аймгийн арслан Я.Буибаяр нарт ёс зүйн зөрчил удаа даа гаргасан хэмээн үзэж тэднийг нэг сараас таван сарын хугацаанд барилдах эрхийг нь хасаад буй билээ. Тэгвэл Улсын арслан Р.Пүрэвдагваас дээрх шийтгэлтэй холбогдуулан тодруулга авлаа.
-Таны барилдах эрхийг 5 сараар хаасан байна. Энэ хэр зөв, зүйтэй гэж харж байна?
-Би өөрөө гайхаад сууж байна. Барилдаж байгаад унахдаа “Нүүр чинь зүгээр үү. Босоорой миний дүү. Ахыгаа аллаа. Яасан айхтар бяртай юм” гэж л хэлсэн өөр юу ч болоогүй шүү дээ.
-Гар хүрэх цохих юм болоогүй юу?
-Ерөөсөө тийм юм болох үндэс байхгүй. Тэр хавийн хүмүүс бүгд намайг мэдэж байгаа. Юу болсныг камер дээр бичигдсэн тийм юм байхгүй.
-Та энэ шийдвэрийг хэр гайхаж хүлээж авав?
-Зүгээр барилдаж байхад ийм шийдвэр гаргана гэж юу гэсэн үг вэ? Гайхаж байна. Барилдаж байгаа нэгнийгээ түлхэж, цохих, барилдааны явцад юу болсон, яаж барилдаж байна гэдгийг шүүх шүүлт байгаа байлгүй дээ.
-Та энэ шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй юу? Бөхийн холбоотой холбогдсон уу?
-Одоогоор холбогдоогүй байна. Холбогдох гэж байна.
-Наадмын бэлтгэлд гарсан байгаа юу?
-Одоо гарчихсан байгаа шүү дээ.








