
Сангийн сайд З.Мэндсайхан махны үнийн асуудлаар байр сууриа илэрхийлж, махны үнэ чөлөөт зах зээлийн зарчмаар тогтох ёстой гэдгийг онцоллоо.
Тэрбээр өнгөрсөн жил нөөцийн мах бэлтгэх ажилд алдаа гарсан бөгөөд үүнтэй холбоотойгоор Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд тодорхой арга хэмжээ авч ажилласан гэж мэдэгдэв.
Мөн энэ үед махны үнэ улирлын онцлогоос шалтгаалан буурдаг ч өнөөдрийн байдлаар буурахгүй байгаа нь баруун аймгуудад малын гоц халдварт өвчин гарч, махны нийлүүлэлт тасалдсантай холбоотой гэж тайлбарлалаа. Үүний улмаас зах зээлд голчлон зүүн аймгуудаас нийлүүлсэн мах хүрч байгаа аж.
З.Мэндсайханы хэлснээр төв суурин газруудад махны үнэ өндөр байгаа асуудал нь зөвхөн Засгийн газрын асуудал биш бөгөөд холбогдох хууль тогтоомжийн дагуу тухайн бүс нутагт хүнсний бодлого хэрэгжүүлэх эрх, үүрэг нь аймаг, нийслэл болон орон нутгийн удирдлагуудад байдаг байна.
Тэрбээр “Ирэх жил махны нөөц бүрдүүлэх ажилд нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон аймаг, орон нутгийн удирдлагууд иргэдийнхээ хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний нөөцийг бүрдүүлэхэд онцгой анхаарах шаардлагатай. Хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлж чадахгүй байгаа учраас махны үнэ Засгийн газрын асуудал мэт харагдаж байна” хэмээн онцолсон юм.
Мөн нийслэл болон орон нутгийн Засаг дарга нар махны нөөцөө хангалттай бүрдүүлсэн бол улирлын шинжтэй хомсдол үүсэхгүй байх боломжтой байсан гэж үзэж байгаагаа илэрхийлэв.
Түүнчлэн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд уг асуудлыг шийдвэрлэхийн тулд бүх талаар ажиллаж байгаа ч махны үнийн өнөөгийн нөхцөл байдал нь салбарын сайдын бус, харин аймаг, орон нутгийн удирдлагуудын хариуцлагатай шууд холбоотой асуудал гэж З.Мэндсайхан мэдэгдлээ.
Видео үзэх линк








