
БНХАУ-ын Ерөнхийлөгч Си Жиньпин, гэргий Пэн Лиюань болон Гадаад харилцааны сайд Ван И тэргүүтэй албан тушаалтнуудын хамт өнгөрсөн даваа гарагт Хойд Солонгосын нийслэл Пхеньян хотын Сунан олон улсын нисэх онгоцны буудалд газарджээ.
БНХАУ-ын төрийн тэргүүн Си Жиньпин, тэргүүн хатагтай Пэн Лиюань нарыг Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун, гэргий Ри Соль Жү нар хүндэт харуулын хамт ёслол төгөлдөр угтан авсан байна.
Пхеньян хотын төв талбай болох Ким Ир Сений талбайд Хятадын төрийн тэргүүн болон тэргүүн хатагтайг Хойд Солонгосын зэвсэгт хүчний оркестр, өнгө өнгийн бөмбөлөг болон цэцэг барьсан хойд солонгосчууд угтан авчээ.
Ким Ир Сений талбайд болсон угтах ёслолын дараа Ким Жон Ун гэргийн хамт Хятадын Ерөнхийлөгч Си Жиньпин, тэргүүн хатагтай Пэн Лиюань нарыг олон улсын төрийн тэргүүнүүдийг хүлээн авахад зориулж барьсан Кумсусан тансаг зэрэглэлийн виллад хүлээн авч, уулзсан байна.
Уулзалтын үеэр хоёр орны төрийн тэргүүнүүд хоёр улсын худалдаа болон хамтын ажиллагааны тухай ярилцсан ба Хятадын төрийн тэргүүн даваа гарагийн орой гаргасан мэдэгдэлдээ олон улсын нөхцөл байдал яаж ч эргэсэн Бээжин Пхеньяныг дэмжих болно гэдгийг онцолж, талууд эдийн засаг, худалдааны салбар дахь хамтын ажиллагаагаа өргөжүүлж, хилийн боомтуудаа нээж, иргэний агаарын тээвэр болон төмөр замын харилцаагаа бүрэн хүчин чадлаар нь сэргээхийг уриалжээ.
Нөгөө талаас Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун Хятад улсын хөгжлийн ахиц дэвшлийг магтаж, Си Жиньпиний энх тайвны төлөөх хүчин зүтгэлийг үнэлж буйгаа илэрхийлжээ.
Эх сурвалж: The Guardian











