
Хавар болж ургамал модод сэргэж буй энэ улиралд бид хэрхэн гэрийнхээ ургамлыг арчлах вэ?
Хавар болж өдрийн гэрэл уртсан, дулаарч байгаа нь тасалгааны ургамал эрчимтэй өсөж, сэргэх алтан үе юм. Өвлийн “нойрноос” сэрж буй цэцэгсээ эрүүл, ургуулахын тулд дараах арчилгааг хийгээрэй.
Хурц наранд ургамлын навч түлэгдэх аюултай. Ялангуяа урд зүг рүү харсан цонхны ургамлуудыг нарны шууд тусгалаас бага зэрэг холдуулж, сарнисан гэрэлтэй газарт байрлуулна.
Ургамал гэрэл дагаж хазайдаг тул долоо хоног бүр савыг нь 90 градус эргүүлж байвал бүх талаараа тэгш, үзэсгэлэнтэй ургана.
Өвлийг бодвол хөрс хурдан хатдаг тул хурууныхаа эхний үеийг хөрс рүү дүрэхэд хуурай байвал услах цаг болсон байна.
Дулаахан өдөр навчийг зөөлөн усаар шүрших эсвэл чийгтэй алчуураар арчиж тоосыг нь цэвэрлээрэй. Навчны нүх сүв нээгдсэнээр ургамал илүү сайн амьсгална.
Хэрэв ургамлын үндэс савныхаа ёроолоор цухуйсан, эсвэл ургалт нь бүрэн зогссон бол шинэ шим тэжээлтэй хөрс рүү шилжүүлж том саванд хийх хамгийн тохиромжтой үе.
Өвлийн турш хатсан, шарласан, нарийсаж сунасан мөчрүүдийг зориулалтын хайчаар тайрч авна. Энэ нь шинэ нахиа эрчимтэй гарах хөшүүрэг болдог.
Ургамал идэвхтэй өсөлтийн үедээ орсон тул хагас сард нэг удаа тасалгааны ургамлын олон найрлагат шингэн бордоогоор зааврын дагуу усанд найруулж бордож эхэлнэ. Өвөл бордох шаардлагагүй байдаг бол хавар, зун заавал бордох хэрэгтэй.
Б.Уранзаяа








