
Хөшигийн хөндий-Чойр-Замын-Үүд чиглэлд баригдах 435 км урт, хүнд даацын тусгай зориулалтын авто замын бүтээн байгуулалт өнөөдрөөс албан ёсоор эхэллээ. Төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлэхээр Засгийн газар 2023 оны есдүгээр сарын 26-ны өдрийн 355 дугаар тогтоолоор баталсан юм.
Уг төслийн гүйцэтгэгчийг хоёр үе шаттай сонгон шалгаруулалтаар тодруулсан бөгөөд “Жүнлүшүн Констракшн Инвестмент” ХХК шалгарчээ.
Төслийн хүрээнд хоёр эгнээ бүхий авто замыг гурван жилийн хугацаанд үе шаттайгаар барихаар төлөвлөсөн байна. Нийт хөрөнгө оруулалтыг ойролцоогоор 500 сая ам.доллар гэж тооцсон бөгөөд 70:30 харьцаатай зээл болон хөрөнгө оруулалтын эх үүсвэрээр санхүүжүүлэх аж.
435.3 км урт авто замын ажлыг Хятадын барилгын инженерийн зургаадугаар товчоо ХХК долоон хэсэгт хуваан, долоон замын анги ажиллуулж гүйцэтгэхээр болсон байна.







