
Дэлхий дахинд Монгол Улсаа сурталчлан таниулах, түүх соёлоороо бахархах, уран бүтээлчид, брэнд бүтээгдэхүүн үйлчилгээг олон улсад сурталчлах, соёл урлаг, аялал жуучлал, гадаад харилцаа хамтын ажиллагаанд хувь нэмэр оруулах зорилготой “Интернэшнл Авардс 2026” олон улсын арга хэмжээ энэ оны тавдугаар сарын 15-нд Улаанбаатар хотноо зохион байгуулагдана.
Тус арга хэмжээ 2024 онд анх зохион байгуулагдаж, дэлхийн долоон улс оролцож байсан бол энэ удаад манай улсаас гадна БНСУ, АНУ. БНХАУ-ын шилдэг мисс, модель, дизайнер, уран бүтээлчид, инфлюзэр, бизнесийн байгууллагууд оролцохоор мэдэгдээд байгаа юм байна. Мөн Азийн “загварын хаан” гэгддэг Андрей Ким дизайнерын олон улсаар тойрч буй “Фантази” эзэнт гүрний эрхэмсэг хатад коллекц анх удаа монгол үзэгчдэд толилуулагдана.
Тэмцээнд оролцогч мисс Ц.Халиунаа “Би өмнө нь миссийн тэмцээнд оролцож байгаагүй, анх удаа оролцож байгаа. Энэ тэмцээн олон хүний хүч хөдөлмөр дор өндөр зохион байгуулалттай хийгддэг юм байна” хэмээв.
Тэрбээр 33 настай гурван хүүхдийн ээж, өнгөрсөн жилийн “Мисс Монголиа” тэмцээнд хүүхэдтэй ээжүүд олон оролцож байсан нь түүнд миссийн тэмцээнд оролцох итгэл өгсөн гэнэ.
“Интернэшнл Авардс 2026” арга хэмжээнд 22 жилийн түүхтэй “Мисс Монголиа” тэмцээний Үндэсний ялагч, титмийн эзэн тодрох аж. Уг арга хэмжээг Монгол Улсын Засгийн газар, ССАЖЯ, АЖМХ, Бизнесийн байгууллагуудын дэмжлэгтэйгээр зохион байгуулагдаж байгаа ба хамтран ажиллах хүсэлтэй хэн бүхэнд нээлттэй байгаа гэдгийг уг арга хэмжээний продюсер М.Дорждэрэм илэрхийллээ.
М.Солонго








