
УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан дээр санал хурааж, Ерөнхийлөгчийн санаачилсан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийг УИХ-аар хэлэлцэхийг дэмжсэн билээ. Өнөөдрийн чуулганы хуралдаандаа оролцож чадаагүй шалтгаанаа О.Номинчимэг гишүүн өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдээлжээ. Тэрбээр Истанбул хотноо болж байгаа Олон Улсын Парламентын Холбооны хаврын ээлжит ассемблейд оролцож яваа гэнэ.
Энэхүү хурал дээр Ерөнхийлөгчийн хууль болон Х.Булгантуяа гишүүний асуудлыг авч хэлэлцэхээр товлосон талаар тэрбээр бичжээ. 160 орчим улсын парламентч Монголын парламентад болж байгаа үйл явдлуудад өөрийнхөөрөө дүгнэлт, үнэлэлтээ өгөх юм байна.
Тэрбээр “Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн УИХ-ын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар өөрийн байр сууриа тодорхой илэрхийлсээр ирсэн. Энэ сарын 15-19-нд Истанбул хотноо болж байгаа Олон Улсын Парламентын Холбооны хаврын ээлжит ассемблейд оролцохоор ирж, шахуу хуваарьтай ажиллаж байгаа болохоор өнөөдрийн чуулганд оролцох боломжгүй байлаа.
Жилдээ хоёр удаа, товлосон хугацаанд хуралддаг энэ хурлын томилолтыг өөрчлөх ямар ч боломжгүй байв. Олон улсын Парламентчдын хүний эрхийн хорооны Ерөнхийлөгчийн албыг хашиж байгаа тул хорооны хурлаа даргалж, дэлхийн улс орнуудын парламентад үүсээд байгаа асуудлууд дээр чухал шийдвэрүүд гаргахаар бусад орны хууль тогтоогч нартай хамтран завгүй ажиллаж байгаа өдрүүд үргэлжилж байна.
Өөрөө санал хураалтад оролцож чадаагүй ч, нутагтаа байгаа мөртлөө ийм чухал санал хураалтад оролцоогүй зарим гишүүд маань яагаад ирсэнгүй вэ, юуны нөлөөлөлд орсон юм бол гэж эрхгүй бодогддог юм байна. Парламентын дархлаа гэдэг парламентын нэр хүнд гэхээсээ гишүүд үзэл бодлоо хэн нэгний нөлөөллөөс айлгүйгээр илэрхийлж, шийдвэр гаргахад оршдог. Энэ утгаараа парламентын дархлаа угаас суларчихсан байгааг өнөөдрийн үйл явдал харууллаа.
Олон орны хэрэг, кэйсүүд дээр ажиллаад ирэхээр геополитикийн нөхцөл байдал, ардчиллын мөн чанар, хамгаалж чадахгүй бол ямар үр дүнд хүрдэг гэдгийг олон жишээн дээр хардаг. Тухайлбал, манай хороон дээр:
-Израилын парламентаас энэ 3 дугаар сард зөвхөн палестинчүүдэд зориулсан цаазын ял шийтгэл өгөх хууль баталсан явдал болон энэ нь одоо Израилын шоронд хоригдож буй хэд хэдэн Палестины парламентчдын хувь заяанд хэрхэн нөлөөлөх талаар;
-Бангладешт 2024 онд болсон бослого тэмцлийн дараа өмнөх парламентын гишүүд нь иргэдийнхээ эсрэг аллага явуулсанд буруутгагдаж шоронд хоригдсон, тус улсын шүүхийн бие даасан байдал, хараат бус байдал 16 жил үргэлжилсэн автократ маягийн дэглэмийн үр дүнд ямар түвшинд байгаа гэх мэт олон хурцадмал асуудлын талаар хэлэлцэж байна.
Энэ ярвигтай, хурцадмал хэргүүдтэй зэрэгцээд манай улсын асуудал ч энд яригдаж байна. Монгол Улс парламент дахь жендэрийн тэгш байдлаа дээшлүүлсэн үзүүлэлтээрээ 2025 оны ОУПХ-ны шагналыг хүртэж байсан бол өдгөө эмэгтэй парламентчийг айлган сүрдүүлсэн, хууль хяналтын байгууллагаар дарамталж буй асуудал нь энд яригдаж байна. Түүнчлэн өнөөдөр хэлэлцсэн гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн агуулга болон парламентад үзүүлэх нөлөөллийн талаар ч Монголын кэйс дурдагдаж байна. Өөрийн орны асуудал дээр тухайн улсын парламентч оролцож, саналаа өгөх эрхгүй ч, энд цугларсан 160 орчим улсын парламентч нар Монголын парламентад болж байгаа үйл явдлуудад өөрийнхөөрөө дүгнэлт, үнэлэлтээ өгнө.
Хорооны маань шийдвэрүүд 4 сарын 19-нд нээлттэй танилцуулагдах юм” хэмээжээ.









wow