
Дэлхийн 2-р дайны дараа 1960-аад онд Японы нийслэл Токио хотод суулгасан Сомей Ёшино сортын гүйлсний моднууд буюу манайхны хэлж заншсанаар сакура моднууд эхнээсээ хөгширч, хугарч унаж эхэлжээ
Өнгөрсөн пүрэв гарагт Токио хотын төвд байрлах Кинүта болон Чидоригафүчи цэцэрлэгт хүрээлэнгүүдэд хоёр сакура мод хугарч унасан тохиолдол бүртгэгджээ. Кинүтад унасан мод хашлага эвдэлсэн бол Чидоригафүчи паркт унасан мод Хааны ордны гаднах шуудуунд унажээ.
Кинүта цэцэрлэгт хүрээлэнд унасан мод 18 м өндөртэй, 2.5 м диаметртэй, Токио хотын хамгийн хөгшин моддын нэг байсан аж.
Токио хотын цэцэрлэгт хүрээлэнгүүдийг хариуцсан мэргэжилтэн Масаказү Ногүчигийн мэдээлснээр 2025 онд тус хотод нийт 85 мод хугарч унасны дийлэнх нь гүйлсний модод байсан аж.
3-р сарын сүүл, 4-р сарын эхээр сакура моднууд цэцэглэх үеэр гадаад дотоодын жуулчид Токио хотын цэцэрлэгт хүрээлэнгүүдэд олноор цуглаж, Токио хотын нэрийн хуудас болсон Сомей Ёшино сортын гүйлсний моддын урд зургаа авхуулж, тэдгээр моддын доор цайлдаг уламжлал тогтжээ.
Гүйлсний моднууд хөгширч, эхнээсээ хугарч унаж эхэлсэн нь Токио хотын удирдлагуудын хувьд асуудал болоод байна.
Сакура моднууд хугарч унах болсон нь өндөр нас болон дотроосоо мөөгөнцөртсөн зэрэг шалтгаантай аж. Сакура мод нэг тал руугаа хэт бөхийсөн, доод хэсгээр нь цэцэг их ургасан, ёроолд нь мөөг олноороо ургасан байх нь тухайн мод хугарч унах эрсдэлтэйг харуулдаг байна.
Токио хотын цэцэрлэгт хүрээлэнгүүдийг хариуцсан мэргэжилтэн Масаказү Ногүчи, “Манай энд ургаж байгаа моднууд нь дайны дараахан суулгасан моднууд юм. Ихэнх нь 70-80 настай болж, эмзэг болчихсон.” гэжээ. Түүний хэлснээр моднуудын наслалтад хэт халалтын үзэгдэл, хуурайшилт ихээр нөлөөлдөг ба сакура моднуудад тохиолдож буй зүйлсээс иргэд уур амьсгалын өөрчлөлтийн талаар нэгийг тунгаан бодно гэж найдаж буйгаа илэрхийлжээ.
Өнгөрсөн сард Кинүта паркт нэгэн иргэн дээр сакура мод унаж, гэмтээсэн тохиолдол гарсантай холбоотойгоор албаны хүмүүс Токио хотын моднуудад эрүүл мэндийн үзлэг хийжээ.
Кинүта паркт 800 гаруй сакура моднуудад шалгалт хийж, заримыг нь тайрч, заримынх нь дэргэд анхааруулах самбар байршуулжээ.
Түүнчлэн Токио хотын хамгийн алдартай цэцэрлэгт хүрээлэнгүүдийн нэг Инокашира паркт сүүлийн жилүүдэд ургамал моддыг нөхөн сэргээх урт хугацааны төлөвлөгөөний дагуу олон арван сакура моддыг тайрсан байна.
Гүйлсний модод хөгширч, эхнээсээ хугарч унаж буй талаарх мэдээг үл харгалзан Токио хотын цэцэрлэгт хүрээлэнгүүдийг зорих гадаад дотоодын жуулчдын тоо буурахгүй байна.
Мэдээллийн албан ёсны түнш AP News








