
Шинээр байгуулагдсан Засгийн газрын гишүүд тангаргаа өргөж “Батлан хамгаалах”-ын сайд Д.Батлут сайдын тамгаа гардан авч байх үеийн зургууд олны шүүмжлэлийг дагуулаад байна. Үүнтэй холбогдуулан Батлан хамгаалах яамнаас дараах мэдэгдлийг гаргажээ.
“Эх орныхоо халдашгүй дархан байдал, эрх чөлөө, тусгаар тогтнол, газар нутгийнхаа бүрэн бүтэн байдал, хүн ардынхаа аюулгүй байдлыг сахин хамгаалах үүрэг бүхий төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын бүх алба хаагчид “Монгол Улсын цэргийн дүрэм”-ийг хэлбэрэлтгүй дагаж мөрддөг. Төрийн тэргүүний соёрхон баталдаг энэхүү баримт бичиг нь Батлан хамгаалах салбарын үндсэн хууль гэж хэлж болно.
Цэргийн нийтлэг дүрмүүдийн Жагсаалын дүрмийн 34 дүгээр зүйлд Угтан авах ажиллагааг нарийвчлан зааж өгсөн байдаг. 34.1. заалтад
– Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч
– Улсын Их хурлын дарга
– Ерөнхий сайд
– Батлан хамгаалахын сайд
– Зэвсэгт хүчний Жанжин штабын даргыг Төрийн хүндэт харуул жагсаж угтаж авна гэж заасан байдаг.
Улс орны өмнө тулгамдсан нийгэм, эдийн засгийн асуудлуудыг яаралтай шийдвэрлэхийн тулд Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учрал танхимын гишүүдээ цаг алдалгүй яаралтай ажлаа хүлээж авахыг үүрэг болгосон.
Тогтоосон дүрэм, журмын дагуу үйлдэгдсэн цэргийн ёслолын ажиллагааг мушгин гуйвуулж, иргэд олон нийтийг төөрөгдүүлэхгүй байхыг хүсье” гэжээ.









