
Өнгөрсөн баасан гарагт Австрийн эрх баригч эвслийн засгийн газар 14-өөс доош насны хүүхдүүдэд нийгмийн сүлжээ хэрэглэхийг хориглох тухай хуулийн төсөл өргөн барихаар төлөвлөж буйгаа мэдэгджээ.
Канцлер Кристиан Штокерын тамгын газрын дижитал технологийг хариуцсан мэргэжилтэн Александр Прёль уг хуулийн төсөл 6-р сарын сүүл гэхэд бэлэн болно хэмээн мэдэгдэж, нийгмийн сүлжээ хэрэглэгчдийн насыг тогтоох үйл явцад орчин үеийн технологийг ашигладаг болно гэжээ.
Австрийн засгийн газрын нийгмийн сүлжээ хэрэглэгчдийн насанд хязгаарлалт тогтоох төлөвлөгөө хэрэгжиж эхлэх үгүй нь парламентын шийдвэрээс хамаарах юм.
Австрали улс 2024 оноос эхлэн хүүхдүүдийг нийгмийн сүлжээн дэх хор хөнөөлтэй контент, дэлгэцийн хамаарлаас хамгаалахын тулд нийгмийн сүлжээ хэрэглэгчдийн насанд хязгаарлалт тогтоохоор ажиллаж, 2025 оны 12-р сараас эхлэн тус улсад 16-аас доош насны хүүхдүүдэд нийгмийн сүлжээ хэрэглэхийг хориглох тухай хуулийн төсөл хэрэгжиж эхэлсэн билээ.
Индонез улсад энэ бямба гарагаас эхлэн мөн л 16-аас доош насныхан нийгмийн сүлжээ хэрэглэх боломжгүй болж байгаа бол Франц улсад өнгөрсөн 1-р сард нийгмийн сүлжээ хэрэглэгчдийн насны доод хязгаарыг 15 нас гэж заах тухай хуулийн төсөл батлагдсан нь ирэх 9-р сараас хэрэгжиж эхлэх юм.
Түүнчлэн Испани, Дани болон Их Британи улсын эрх баригчид мөн л хүүхдүүдийн нийгмийн сүлжээний хэрэглээг хязгаарлахаар төлөвлөж буйгаа мэдэгдээд байгаа юм.
Австрийн Дэд канцлер Андреас Баблер, “Бодит амьдрал дээр хүлээн зөвшөөрдөггүй зүйлсээ бид цахим орчинд ч мөн адил хүлээн зөвшөөрөх ёсгүй. Үүний эсрэг зөвхөн хүүхэд залуус болон тэдгээрийн эцэг эхчүүдийг тэмц гээд үлдээж болохгүй.” гэжээ.
Австралийн засгийн газар хүүхдүүдийн нийгмийн сүлжээний хэрэглээг хязгаарлахын хажуугаар сургалтын хөтөлбөрт интернет болон хиймэл оюун ухааны зохистой хэрэглээний талаар хичээл оруулахаар төлөвлөжээ.
Мэдээллийн албан ёсны түнш: AP News








