
Олон Улсын Олимпын хорооноос баталсан шинэ бодлогын дагуу трансжендер тамирчид Олимпын наадмын эмэгтэйчүүдийн спортын төрөлд оролцох эрхгүй болжээ.
ОУОХ-ноос гаргасан мэдэгдэлд, “Олимпын наадам эсвэл ОУОХ-ны өөр бусад арга хэмжээний эмэгтэйчүүдийн ганцаарчилсан болон багийн төрлийн тэмцээнд зөвхөн биологийн хүйс нь эмэгтэй хүмүүсийг оролцуулна.” гэж заасан байгаа ба тамирчны биологийн хүйсийг карьерынх нь туршид тамирчнаас нэг удаа авах генийн тестээр тодорхойлно гэжээ. ОУОХ 2028 оны Лос Анжелесын Олимпын наадмаас эхлэн хэрэгжих уг бодлого нь эмэгтэйчүүдийн спортын төрлүүдэд шударга, аюулгүй өрсөлдөөн явагдахад чухал ач холбогдолтой хэмээн онцолжээ.

FILE – IOC President Kirsty Coventry speaks during the Olympic opening ceremony at the 2026 Winter Olympics, in Milan, Italy, Friday, Feb. 6, 2026. (Yves Herman/Pool Photo via AP, File)
2024 оны Парисын Олимпын наадмын эмэгтэйчүүдийн спортын тэмцээн уралдаанд биологийн хүйс нь эрэгтэй трансжендер эмэгтэй тамирчин оролцоогүй ба хамгийн сүүлд 2021 оны Токиогийн Олимпын наадамд Шинэ Зеландын хүндийн өргөлтийн трансжендер тамирчин Лорел Хаббард эмэгтэйчүүдийн +87 кг төрөлд өрсөлджээ.
ОУОХ-ны Ерөнхийлөгч Кирсти Ковентри, “Олимпын наадмын тэмцээнүүдэд өчүүхэн ялгаа л ялалт, ялагдалд хүргэдэг. Биологийн хувьд эрэгтэй трансжендер тамирчид эмэгтэйчүүдийн төрөлд өрсөлдөх нь шударга бус юм.” гэжээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп өнгөрсөн 2-р сард “Эрчүүдийг эмэгтэйчүүдийн спортоос хол байлгах тухай” гүйцэтгэх тогтоолд гарын үсгээ зурж, зарим тамирчдад Лос Анжелесын Олимпын наадамд оролцохыг хориглоно хэмээн мэдэгдсэн билээ. Түүнчлэн тэрээр трансжендер тамирчдыг эмэгтэйчүүдийн спортын тэмцээн уралдаанд оролцохыг зөвшөөрсөн спортын холбоодын санхүүжилтийг зогсооно гэж анхааруулсан юм.
Тэгвэл ОУОХ-ноос гаргасан шийдвэр нь АНУ-ын Доналд Трампын засаг захиргааны бодлоготой огтхон ч хамааралгүй гэдгийг Кирсти Ковентри онцолжээ.
2024 Парисын Олимпын наадмаас өмнө хөнгөн атлетик, усан сэлэлт болон дугуйн спортын холбоод биологийн хүйс нь эрэгтэй тамирчдыг тэмцээн уралдаандаа оруулахыг хориглоод байсан юм. Биологийн хүйс нь эрэгтэй тамирчдын тестостерон дааврын хэмжээ эмэгтэй тамирчдынхаас илүү байдаг нь тэдгээр трансжендер тамирчдад ялангуяа хүчний болон тэсвэр тэвчээр шаардсан тэмцээнүүдэд давуу тал болж өгдөг гэдгийг ОУОХ-ноос хийсэн судалгаа харуулжээ.
Трансжендер тамирчин эмэгтэйчүүдийн төрөлд өрсөлдлөө гэсэн хэл амд ороод байсан Парисын Олимпын наадмын алтан медальт Тайванийн боксчин Лин Ю Тин генийн тест өгч, цаашид эмэгтэйчүүдийн төрөлд өрсөлдөх эрхээ авч чадсан бол Алжирын боксчин Иман Хелиф 2028 оны Олимпын наадамд оролцохын тулд генийн тест өгөхөөр төлөвлөж буй талаараа CNN агентлагт өгсөн ярилцлагадаа дурджээ.
Мэдээллийн албан ёсны эх сурвалж: AP News








