
БНСУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Ли Жэ Мён өнгөрсөн баасан гарагт хийсэн мэдэгдэлдээ БНСУ-ын үндсэнд хуульд өөрчлөлт оруулж, өнгөрсөн 12-р сард болсон шиг үйл явдлыг давтахгүйн тулд цэргийн онц байдал зарлах үйл явцыг чангатгана хэмээн амлажээ.
Ирэх мягмар гарагт болох БНСУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажил шувтарч байгаатай холбоотойгоор Ли Жэ Мён Ардчилсан намынхаа хамт иргэдийг сонгуульдаа идэвхтэй оролцож, улсынхаа улс төрийн хямралыг эцэслэхийг уриалжээ. Ли Жэ Мён, “Манай улсын нэр төр унасан. Бид цэргийн онц байдал зарлах явдлыг системтэйгээр ямар ч боломжгүй болгох ёстой. Хямралыг даван туулахгүй бол манай улс сүйднэ.” хэмээн эдийн засгийн өсөлт, нэгдмэл байдлыг чухалчилж буйгаа онцолжээ. Тэрээр үндсэн хуульд өөрчлөлт оруулж, парламентаас 24 цагийн дотор зөвшөөрөл авч чадахгүй бол Ерөнхийлөгчийг цэргийн онц байдал зарлахыг хориглох зэргээр цэргийн онц байдал зарлахад тавьдаг шаардлагуудыг чангатгана гэжээ.
Түүнээс гадна Ли Жэ Мён 12-р сарын 3-нд Юн Сүк Ёл онц байдал зарласан явдлыг тусгай прокурор шалгах ёстой гэж үзэж байгаа ба тухайн үед удирдлагуудынхаа тушаалыг биелүүлэхээс татгалзсан цэргийн албан хаагчдад хатуу шийтгэх ёсгүй гэжээ. БНСУ-ын сонгогчид энэ долоо хоногийн пүрэв болон баасан гарагт ерөнхийлөгчийн сонгуульд урьдчилсан байдлаар саналаа өгөх боломжтой бөгөөд энэ баасан үд дундын байдлаар нийт сонгогчдын 25.8 хувь нь саналаа өгч, түүхэн рекорд тогтоожээ.