
Израилын Ерөнхий сайд Беньямин Нетаньяху өнгөрсөн даваа гарагт хийсэн мэдэгдэлдээ Израил улс Газын зурвасын бүх нутаг дэвсгэрийг хяналтдаа авна гэж мэдэгджээ. АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын Ойрх Дорнодод хийсэн айлчлал дууссан даруйд Тель Авив Газын зурвас дахь хуурай газрын цэргийн ажиллагаагаа өргөжүүлсэн юм.
Өнгөрсөн амралтын өдрүүдээр Израилын агаарын бөмбөгдөлтийн улмаас олон арван палестинчууд амиа алдаж, Газын зурваст болж буй дайны улмаас амь үрэгдсэн иргэдийн тоо 53 мянга даваад байна. Газын зурваст үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор Их Британи, Франц, Канадын зүгээс хамтарсан мэдэгдэл гаргажээ. Уг мэдэгдэлдээ Израил Газын зурвас дахь цэргийн ажиллагаагаа зогсоож, Газын зурвас руу оруулах хүмүүнлэгийн тусламжийг хязгаарласан явдлаа цуцлахгүй бол дээрх орнуудын зүгээс Израилын эсрэг бодитой арга хэмжээ авна хэмээн онцолжээ.
Ерөнхий сайд Б.Нетаньяху уг мэдэгдлийн хариуд Израил улс бүрэн ялалт байгуулах хүртлээ дайтах болно хэмээн мэдэгдсэн ч өнгөрсөн ням гарагт Газын зурвасын иргэд өлсгөлөнд нэрвэгдэхээс сэргийлж, тус бүс нутаг руу тодорхой хэмжээний хүмүүнлэгийн тусламж оруулахыг зөвшөөрчээ. НҮБ-ын мэдээлснээр Тель Авив Газын зурвас руу хүмүүнлэгийн тусламж ачсан есөн машин оруулахыг зөвшөөрсөн байна. Энэ нь дайн эхлэхээс өмнө тус бүс нутагт нийлүүлж байсан хүмүүнлэгийн тусламжийн хоёр хувьтай ч тэнцэхгүй юм.
Ерөнхий сайд Б. Нетаньяху Газын зурвасыг бүсэлж, хүмүүнлэгийн тусламжийг хязгаарласан явдлаа палестины ХАМАС бүлэглэл НҮБ болон олон улсын өөр бусад хүмүүнлэгийн байгууллагуудын илгээсэн хүнсийг хулгайлдагтай холбон тайлбарласан бол дайн тулааны нөхцөлд олон арван жил ажилласан тэдгээр хүмүүнлэгийн байгууллагууд хүмүүнлэгийн тусламжийн нийлүүлэлт маш өндөр хяналтад явагддаг тул бусдын гарт орох боломжгүй болохыг онцолжээ.