
Энэ сарын 9-ний үүрээр Тайландын нийслэл Бангкок хотод байрлах барилгын 17 давхраас Монгол Улсаас Тайландын Вант Улсад суугаа Элчин сайд А.Төмөрийн гэргий Л.Орхон унаж, амиа алдсан хэрэг гарсан. Тайландын цагдаагийн байгууллага уг хэргийг сэтгэл санааны хямралтай холбоотой байж болзошгүй гэж таамаглаж байгаа талаар дурдсан юм. Монгол Улсын Гадаад харилцааны яам, Тайланд дахь Элчин сайдын яамнаас албан ёсны мэдэгдэл хийгээгүй байгаа бөгөөд уг хэргийг Тайландын хууль хяналтын байгууллагууд мөрдөн шалгаж буй.
Асуудалтай холбогдуулан талийгаач Л.Орхоны эгч сошиал хуудаснаа байр сууриа илэрхийлсэн. Ингэхдээ, “Хайртай дүүгээ алдсан нь зүгээр нэг харамсал биш юм. Энэ бол завхайрал, ёс зүйгүй харилцааны харанхуй сүүдэрт өртөн амьдралаа алдахад хүрсэн гашуун үнэн. Хүний нутагт, хэн нэгний зугаа цэнгэл, ёс суртахууны уналтаас болж гурван хүүхдийн ээж, амьдралын төлөө тэмцэж явсан сайхан дүү минь амь насаа алдсан нь үнэхээр эмгэнэлтэй.
Завхайрал өнөө цагийн хамгийн аюултай, хамгийн нуугдмал хохирол дагуулдаг нийгмийн өвчин болж байна. Энэ бол ганц хүний хувь тавиланг бус, бүхэл бүтэн гэр бүл, ирээдүйг сүйрүүлдэг хүчирхийллийн нэг хэлбэр юм.
Бид үнэнг нэхэх, шударга ёсыг шаардах эрхтэй. Энэ зовлонг чимээгүй өнгөрөөж болохгүй. Дүүгийнхээ төлөө, түүний хүүхдүүдийн ирээдүйн төлөө, ийм золгүй хувь тавилан бусдын амьдралд дахин бүү тохиолдоосой гэж хүсэж байна” гэжээ.
Бид хэргийн талаар ГХЯ-ны хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас тодруулахад, “Албан ёсны дүгнэлт гараагүй байна. Хэргийг Тайландын цагдаагийн байгууллага шалгаж байгаа. Шүүх шинжилгээний дүгнэлт гарсны дараагаар Элчин сайд А.Төмөрийг хэрхэхийг шийднэ. Албан ёсны дүгнэлт гарсны дараа нээлттэй тайлбар өгнө” гэв.